Хүн амьдралынхаа туршид цөөхөн удаа үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг, дийлэнхдээ энэ төрлийн худалдан авалтыг 20 жилд нэг удаа хийдэг гэсэн судалгаа бий.
"Дуусаагүй барилга" буюу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй хараахан дуусаагүй байгаа, зураг төслийн хэлбэртэй ирээдүйд баригдахаар төлөвлөгдөж байгаа, захиалга авч байгаа барилга угсралтын төслийг иргэн аж ахуйн нэгжүүд худалдан авахад зарим бэрхшээл учирч байгааг шүүхийн практикаас харж болно. Тодруулбал,
- Барилга хугацаандаа ашиглалтад орохгүй байх
- Дусаагүй барилгыг бүхэлд нь бусдад барьцаалсан болохыг мэдээгүй байх
- Байр захиалагчийн зөвшөөрөлгүй бусдад барьцаалсан байх
- Байрыг гуравдагч этгээдэд давхар худалдах
- Бартерын нөхцөлөөр орон сууж худалдан авсан бөгөөд ажлын гүйцэтгэлд доголдол үүссэнээс болж бартерын байраа авч чадахгүй болох
- Захиалгын гэрээг улсын бүртгэлд бүртгэх боломжгүй нөхцөл
- Барилгын материалын үнэ өссөнөөс болж анх байгуулсан гэрээний үнийг өсгөх шаардлагатай болох
- Дуусаагүй барилгыг хэрхэн дахин хөрөнгөжүүлэн дуусгах вэ
- Барилга захиалгаар цугларсан хөрөнгийг тухайн барилгад зориулан зохих ёсоор зарцуулж байгаа эсэх гэх мэт олон асуудлууд төгс шийдэлгүй байна.
"Дуусаагүй барилга"-тай холбоотой маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчинг сайжруулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлж буй зөрчлийг багасгах, цаашлаад үр ашигтай хот төлөвлөлтийн бодлогод санал зөвлөмж өгөх зорилгоор хуульч судлаачдын дунд "Дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар захиалгын гэрээ байгуулсан захиалагч, хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгчид тулгамдаж буй асуудал, шийдэл, санал зөвлөмж" сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллэг болон шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний уралдааныг зарласан байна.
Тус бичвэрийн уралдааныг хуулийн сургалтын цахим платформ Legal academy болон хууль эрх зүйн нэгдсэн цахим сан Legal data хамтран зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчдын бүтээлийг нийтэд хүргэж, шалгарсан бүтээлийн эздийг сургалт, цахим сангийн эрхээр урамшуулах юм. Хуульчийн нийтэд тустай үйл ажиллагааны хүрээнд хуульч судлаачид та бүхэн уралдаандаа идэвхитэй оролцож өөрийн үнэтэй санал, судалгаагаа бүтээлээ ирүүлэхийг хүсье.