-Цахим гэмт хэргийн нөхцөл байдал сүүлийн үед нэмэгдэж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Таны харж байгаагаар ямар төрлийн хэргүүд дийлэнх байна вэ?
Монгол улсын хэмжээнд 2023 онд цахим орчинд 16.417 гэмт хэргийг 7142 хүн үйлдэж, 8965 иргэнд 139 тэрбум төгрөгийн хохирол учруулсан ба үүнээс 8294 нь хуурамч аккаунт ашиглажээ. Энэ нь дунджаар нэг иргэнд 15.5 сая төгрөгийн хохирол учруулсан байна. гэсэн мэдээллийг Цагдаагийн газраас өгжээ. Цахим гэмт хэрэг нь үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгт тооцогддог бөгөөд дэлхийн эдийн засагт жилд дунджаар 1 их наяд орчим ам.долларын хохирол учруулдаг. Дэлхийн улс орнуудаас АНУ-д цахим гэмт хэрэг хамгийн ихээр үйлдэгддэг бөгөөд Холбооны мөрдөх товчоо жилд 300 мянга орчим, өдөрт 900 гаруй цахим гэмт хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол хүлээн авдаг тухай уншиж байсан.
Манай оронд “Цахим гэмт” хэрэг үйлдсэн хүнд хариуцлага тооцох нас 16 наснаас эхэлдэг.
Эрүүгийн хуульд 1. Хувь хүний нууцад халдах, задруулах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглан үйлдэх 2. Худал мэдээлэл тараах гэмт хэргийг цахим орчин ашиглан үйлдэх 3. Залилах гэмт хэргийг цахим орчин ашиглан үйлдэх 4.Цахим төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар үйлдэх, ашиглах 5. Хүүхдэд садар самууныг кибер орчинд сурталчлах 6. Кибер орчинд хууль бусаар халдах, гэмт хэргийн зорилгоор программ хангамж бүтээх гээд цахим орчинтой холбоотой гэмт хэргийн төрлүүдийг хуульчилсан байна.
-Санхүүгийн залиланд өртсөн иргэд бас нэмэгдээд байна уу?
Үнээс гадна цахим орчин, тоног төхөөрөмж ашиглан зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг хууль бусаар хуулбарлах, түгээх ашиглах олох зөрчил түгээмэл байна. Хүүхэдтэй холбоотой “Бүлий” буюу цахим орчинд дээрэлхэлт, дарамт, урхидах, садар самуунд уруу татах, цахим орчинд нэр төр гутаах зөрчлүүд байна.
Программ хангамж хакердах, вирус тараах, цахим сошиал орчинг ашиглан нууц үг, дансны мэдээлэл зэргийг хулгайлах, фишинг буюу интернет залилан, сошал инженерчлэл буюу сэтгэл зүйн онцлогийг ашиглан итгэл төрүүлэн нууц мэдээллийг олж авах, ромнтик залилан ч гэж нэрлэсэн байна, цахим шуудангаар дамжуулан хувийн компьютерт гар утсанд нэвтрэх гэх зэрэг замаар гэмт хэрэг үйлдэгдэг байна.
Мөн Биткон, цахим мөнгө, төлбөрийн хэрэгслийг ашиглан санхүүгийн залилан хийх явдал их байх бөгөөд садар самуун контент түгээлт, хар тамхи, хүний болон зэвсгийн наймайны гол төлбөр тооцооны хэрэгсэл болсон гэсэн мэдээлэл байна.
Манай улсын хувьд олон улс дамнасан кибер гэмт хэрэг зөрчлийн ирүүлэлт сул байдаг. Дотоодын гэмт хэргийн хувьд кибер гэмт хэрэг буюу 26.1 гэсэн зүйлчлэл бүхий шүүхээр шийдвэрлэгдсэн 50 гаран хэрэг байдаг. Харин цахим орчин ашиглаж үйлдсэн дотоодын шинжтэй гэмт хэргүүдийг шуурхай илрүүлэх тал дээр Цагдаагийн байгууллагаас хүчин чармайлт гаргаж үр дүнд хүрч байгааг дурдах нь зүйтэй.
Вертуал хөрөнгийн үйлчилгээ эрхлэгчийн хууль тогтоомжид цахим хөрөнгийн мэдээллийн сан, аюулгүй байдлыг хамгаалах тал дээр илүү зохицуулсан, үүрэгжүүлсэн байдаг.
-Цахим гэмт хэргийн гол зорилго иргэдийг хуурч мэхлэх, ямар нэгэн аргаар мөнгийг нь салгах зорилготой байдаг. жишээ нь, цахим мөрийтэй тоглоом яг үнэндээ аз ивээж мөнгө хожиж эдийн засгийн эрх чөлөөнд хүрнэ гэсэн ойлголтгүй байдаггүй. Зүгээр өгөөш өгч байгаад мөнгийг нь авдаг гэдэг. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
Bet тоглоод сайжирсан, амжилт олсон хүнийг би мэдэхгүй юм. Харин гэр бүл салсан, эд хөрөнгөө алдсан, мөрийнд тавих мөнгөө олохоор залилан хийж, хулгай хийсэн, бүүр эхнэр хүүхдээ хүртэл мөрийнд тавьсан гэх гунигтай явдлыг олонтоо сонсож байлаа. Манай Монголчууд мөрийтэй тоглоомд дургүй, холуур явдаг заншилтай ард түмэн юмсан.
Бодит байдал дээр хонжворт сугалаа, бооцот тааврын бизнес, апликэйшн, мөрийтэй тогтоолын цахим сүлжээ бүхий бизнесүүд өдөр ирэх тусам өсч байгаа бөгөөд түүнийг бүртгэх, харицлагажуулах, татвар хураамж авч улсын төсөвт оруулах, цаашлаад цахим гэмт хэрэгт өртөхгүй байх тал дээр ажиллах шаардалга зайлгүй үүсээд байгаа.
Хожворт сугалаа, бооцоот тааварын үйл ажиллагаа эрхлэх нь Хууль зүйн яамнаас тусгай зөвшөөрөлтэй хийгдэх үйл ажиллагаа болох нь Зөвшөөрлийн тухай хуулиас харагдана. Гэвч Хууль зүйн яамнаас тус зөвшөөрлийг олгох зохицуулалт, журам, эрх зүйн орчин байхгүй гэж хэлэхээр байна. 2006 оноос хойш ийм төрлийн зөвшөөрөл олгосон зүйлгүй байна. Харин Улсын дээд шүүхээс Зөвшөөрлийн хуульд байгаа тус үйл ажиллагааны зөвшөөрлийг олгоогүй байгаа нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзсэн шийдвэр уншиж байсан.
Улсын Их хуралд өргөн барихаар дараах хуулийн төслийг 2021-2022 онуудад бэлтгэж байсан Бооцоот морин уралдааны тухай хууль, Казиногийн тухай хууль, Бооцоот таавар хонжворт сугалааны тухай хууль зэрэг. Эдгээр хуулийн төслүүд одоогоор батлагдаагүй байна. 1999 оны нэг өгүүлбэртэй хууль л байна Казино байгуулахыг хориглоно гэсэн. Иймд цаашдаа энэ төрлийн харилцаанаас хоцрох биш аль болох хүлээн зөвшөөрч аюулгүй, үр ашигтай байдлаар зохицуулах нь зүйтэй гэж хуульчийн хувьд боддог.
-Бараа сурталчлаад өндөр цалин авна, эсвэл их хэмжээний мөнгөн тусламж өгнө гэсний хариуд мөнгөө алдсан иргэд олшрох боллоо. Энэ бүхний цаана ямар хүмүүс байгаад байна вэ?
Цахим вальют олборлолт, биржээс өндөр ашиг олохоор олон улсын пирамид хэлбэрийн залиланд өртсөн иргэд олон. Тэднийг урхиддаг өгөөш бол өндөр ашиг 30-50 хувь мөнгөө өсгөж болно гэсэн үгс байдаг. Хялбар аргаар мөнгө олох хүсэлтэй хохирогчийн буруутай сэтгэл зүй гэмт хэргийн үндэс болдог. Жи тайм, Бэлтэс мөрөн гэх хэргийн жишээг энд дурдаж болно. Энэ бүхийн цаана хохирогч нарын энэ хүслийг маш сайн мэддэг залилагч нар байна. Таны оруулсан мөнгөний талыг таны дээр байгаа хүн аваад, энэ сүлжээ ханахад сүүлд орсон хүмүүсийн мөнгө ор сураггүй болдог. Өндөр цалинтай гадаадад ажиллуулна гэсэн зарын ард хүний наймай байдаг жишээ олон. Зах зээлийн зарчмаас өөр, амар хялбар аргаар мөнгө олох аливаа оролдлогын цаана далд зах зээл бүхий залилангийн сүлжээ байх эрсдэл өндөг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.
-Энэ төрлийн хууль эрх зүйн орчин ямар байна вэ? Хохирсон иргэд хохирлоо барагдуулж, хуулийнхан хэрэгтнийг олох нөхцөл байдал хүндрэлтэй байдаг юм уу даа?
2024 оны 8-р сарын 7-нд гурван жил хэлэлцээ хийсний дараа НҮБ-ын “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг эрүүгийн зорилгоор ашиглахтай тэмцэх тухай” олон улсын иж бүрэн конвенц боловсруулах түр хорооноос Кибер гэмт хэргийн эсрэг конвенцийг санал нэгтэй баталжээ.
Үүнээс гадна 2001 оны 11 сард батлагдсан "Цахим гэмт хэргийн тухай Будапештын конвенц" нь цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах, яллах, урьдчилан сэргийлэх зорилготой.
Дээр дурдсанчлан цахим гэмт хэрэг нь үндэстэн дамнасан байх бөгөөд түүнийг ирлүүлэхэд олон орон хамтран ажиллах шаардлагатай болдог. Энэ утгаараа нэгдсэн ойлголт, гэмт хэрэгтэй тэцэх нэгдсэн зохион байгуулалт, нотлох баримт цуглуулах арга аргачлал зэргийг ижилүүлэх нь үр дүнтэй бөгөөд үүнийг олон улсын конвенцид нэгдэн орох замаар, хамтын ажиллагааны эрх зүйн туслалцааны гэрээ байгуулах замаар шийдвэрлэх боломжтой юм. Тус конвенцод 67 улс нэгдэн орсон гэдэг. Манай улсын хувьд тус конвенцод нэгдэж ороогүй байна. Нэгдэж ороогүй шалтгааны нэг нь улсын биг датаг солилцох шаардлага үүсдэгтэй холбоотойгоор үндэсний аюулгүй байдлын үүднээс нэгдэж ороогүй гэж ойлгож байна.
Эрүүгийн хуульд байгаа зохицуулалтууд болон оюуны өмчийн хулгайтай холбоотой зохицуулалтууд хангалттай байгаа гэж ойлгож болно. Гэхдээ олон улсыг дамнасан байх үед хүндрэл учирч байна. Манай улсын Эрх зүйн хамтран ажиллах туслалцаа үзүүлэх бусад орнуудтай хийсэн гэрээний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдах боловч хэлний бэрхшээл, нотлох ажиллагааны удаашралтай байдал, хүн хүчний хүрэлцээ зэрэг нөхцөл байдалаас шалтгааж илрүүлэлт бага байна. Дотоодын залилангийн болон гадаадын цахим залилангийн сэжигтэй тохиолдолд данс царцаах үйл ажиллагааг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн албанаас шууд авч болдог болсон нь дэвшилттэй хэрэг юм. Алдсан мөнгөө олж авахад дотооддоо багадаа 1 жил, гадаадад бол түүнээс олон жилийн шалгах, шүүн таслах ажиллагаа явдаг бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн шатанд мөнгөө олж авах эсэх нь хүртэл эргэлзээтэй байдаг шүү.
Мөн мөрийтэй тоглоом, бооцоо, сугалаа, казиногийн болон цахим мөнгөний зохицуулалт сул бүр байхгүй байгаа нь тодорхой байх тул энэ төрлийн хууль тогтоожийг сайжруулах, судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байна.
Саяхан Олон улсын худалдааны сургалтанд сууж байгаад Цахим мөнгө, биржийн харилцаа олон улсын худалдааны эрх зүйн зохицуулалтад ороогүй байгаа талаар Америкаас ирсэн мэргэжилтэнүүд хэлсэн. Шинэ цаг үеийн цахим ерөнцийг хууль эрх зүйн шинжлэх ухаан арай гүйцэхгүй л байна гэсэн үг.
-Иргэдэд юуг сэрэмжлүүлэх вэ?
Амар хялбар аргаар мөнгө олох тухай биш хөдөлмөр, эдийн засгийн суурь олголтод суурилсан бизнес, үйл ажиллагааг мөрдөх хэрэгтэй. Мэдээлэлгүй болон судалгаагүйгээр хүнд итгэх, мөнгө өгөх хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө зөв удирдах, санхүүгийн боловсролтой байх нь залилангийн гэмт хэрэг өртөхөөс сэргийлнэ.
Мөн цахим орчинд зураг, нууц эмзэг мэдээллээ тавихгүй байх, бусдын эмзэг мэдээлэл, садар самуун мэдээллийг түгээхгүй байх, хуваалцахгүй байх. Оюуны өмчийн бүтээлийг худалдан авах хууль бусаар хуулбарлахгүй байхыг эрхэмлэх хэрэгтэй.
Та бүхэнд амжилт, сайхан бүхнийг хүсье.
Цахиур.мн сайт сэтгүүлч Б.Аминатай ярилцсан ярилцлага