Итгэмжлэл олгоход анхаарах зүйлс

Иргэн, хуулийн этгээд нь өөрийн бүрэн эрхийг бусдад итгэмжлэлээр олгож болдог. Хувь хүнээс бусдад олгох итгэмжлэлийг нотариатаар заавал гэрчлүүлнэ. Цэргийн алба хаагчийн итгэмжлэлийг түүний алба хааж байгаа анги, байгууллагын удирдлага, хоригдлын итгэмжлэлийг хорих байгууллагын дарга гэрчилж болно. Бичгээр олгох итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байх ба харин энэ шаардлагыг хангаагүй бол тухайн итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна. Үүнд:

  • Төлөөлүүлэгч буюу эрх олгож байгаа тал нь гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх бүхий этгээд нь гарын үсгээ зурж, тамга, дарсан байх;
  • Хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх бүхий этгээдээс гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх;
  • Олгосон он, сар, өдрийг заасан байх;
  • Хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлсэн байх;
  • Итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заасан байна.

Итгэмжлэлийг 3 жилээс илүүгүй хугацаагаар олгоно. Харин итгэмжлэлдээ хугацаа заагаагүй бол олгосон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг. Итгэмжлэл олгосон этгээд буюу төлөөлүүлэгч нь хэдийд ч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч нь итгэмжлэлээс татгалзах эрхтэй ба талууд энэ эрхийг эдлэхгүй гэж тохирч болохгүй. Итгэмжлэлд уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан, эсхүл итгэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй шаардлагатай байвал итгэмжлэлийг шилжүүлж болно. Шилжүүлсэн итгэмжлэлийн хугацаа үндсэн итгэмжлэлийн хугацаанаас их байж болохгүй бөгөөд үндсэн итгэмжлэл дуусгавар болсноор шилжүүлсэн итгэмжлэл нэг адил дуусгавар болно. Төлөөлөгч эрхээ бусдад шилжүүлсэн тухай болон итгэмжлэлийг шилжүүлэн авсан этгээдийн талаар төлөөлүүлэгчид заавал мэдэгдэх ба хэрэв мэдэгдээгүй бол эрх шилжүүлэн авсан этгээдийн үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг төлөөлөгч хариуцна. 

 

"Хууль зүйн үйлчилгээний төв”-ийн хуульч О.ЦОЛМОН