1. Олон нийтийн дунд хууль шүүхийн байгууллагад шалгуулж байгаа, баривчлагдсан хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа талаар сүүлийн үед нэлээд хөнддөг боллоо. Үнэхээр тэнд хүний эрх зөрчигдөөд байна уу. Хуульч хүний хувьд үүнийг юу гэж харж байна вэ?
Хариулт: Хууль хүчний байгууллагаас бусдыг үндэслэлгүй хорих, эрхийг нь зөрчих, хууль зөрчиж мэдүүлэг тайлбар авах, дарамтлан сүрдүүлж хэргийг нь хүлээлгэсэн гэх гомдол санал нэлээдгүй байдаг.
2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдийг яллагдагчаар татмагц цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой.
Тэр дундаа хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан
1. Оргон зайлахыг завдсан, оргосон
2.Шүүгч прокурор, мөрдөгч, хохирогч гэрч шинжээч, хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дарамталсан, сүрдүүлсэн эсхүл өөрийн амь нас эрүүл мэнддээ хохирол учруулахаар байгаа
3. Гэмт хэрэг үйлдэж болзошгүй мэдээ баримт байгаа
4. Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрсөн, мэдэгдэх хуудсаар дуудахад ирээгүй гэсэн үндсэн үндэслэлээр цагдан хорьж байна.
Энэ нь хөнгөн гэмт хэрэг байсан ч хамаагүй дээрх нөхцөл байдал үүсэхэд цагдан хорих саналыг прокуророос гарган шүүхийн журмаар цагдан хорьж байна. Мөн мөрдөгч прокурорын зөвшөөрлөөр 48 цаг хүртэл баривчилж байгаа. Хуучин хуулиар 72 цаг хүртэл баривчилдаг байсан, харин хөнгөн гэмт хэрэгт цагдан хорих арга хэмжээ авдаггүй байсан.
Дээр дурдсан үндэслэлүүдээс “гэмт хэрэг үйлдэж болзошгүй мэдээ баримт байгаа” гэдэг үндэслэлээр цагдан хорьж, хорьж мөрдөх хугацааг сунгаж байгаа байдал түгээмэл байдаг. Чухам ямар мэдээ баримтаар гэмт хэрэг үйлдэж болзшгүй, энэ нь гүйцэтгэх ажлын мэдээ баримтаар тогтоогдсон гэсэн тайлбарыг прокурор өгдөг. Чухам ямар баримт вэ гэхээр нууц мөрдөн шалгах ажиллагаа гээд хоригдогчийн өмгөөлөгчид үзүүлдэггүй, ингээд ямар ч үйлчлүүлэгчээ хамгаалах боломжгүйгээр цагдан хорих хурал үргэлжлэн яллагдагчийг хорьдог. Цаашлаад цагдан хорьсон 30 хоногийн хугацаанд тодорхой мөрдөн шалгах ажиллагаа огт явуулдаггүй, эсвэл 29 дэх хоног дээр тулгаж ямар нэгэн гэрчээс, яллагдагчаас мэдүүлэг авдаг, эхний 28 хоногт энэ мэдүүлэг авах ажиллагааг явуулж хэргийг мухарлах шийдвэрлэх боломжтой. Уул нь хүний эрхийн үүднээс аль болох шуурхай мөрдөх ажиллагааг явуулж хүнийг хорьж мөрдөхгүй байхыг зорих ёстой. Ийм байдлаар хорьж мөрдөж байгаа нь яллагдагчийг залхаан цээрлүүлэх, хэргийг өөрөөр нь хүлээлгэх зорилготой, магадгүй мөрдөгч прокурорын ажлын ачаалал, ур чадвар дутмаг байдалаас хүний эрхийн эрхийн зөрчлийг гаргаж байна.
Шүүх анх ЭХХШтХ-ийн 14.9-д заасан тодорхой үндэслэлээр цагдан хорьсон, харин сунгахдаа “Хэргийн ээдрээ төвөгтэй нөхцөл байдлаас сунгалаа” гээд хэд хэдэн удаа сунгадаг. Энэ нь хууль хэрэглээний хувьд буруу. Учир нь цагдан хорих хугацааг сунгана гэдэг нь тухайн хүнийг цагдан хорьж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл анх цагдан хорьсон үндэслэл заавал байхыг шаардана, анх цагдан хорьсон үндэслэл арилаагүй, үргэлжилж байгаа тохиолдолд цагдан хорих хугацааг сунгаж болно гэсэн үг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад анх цагдан хорьсон үндэслэл арилсан, асуудал тодорхой болсон байхад тухайн хэрэг ээдрээ төвөгтэй гэдэг үндэслэлээр цагдан хориог сунгаж байгаа нь хууль бус, ийм шүүхийн практик тогтсон байна.
Монгол улсын Үндсэн хуулиар хүн өөрийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, гэр бүлийн гишүүн нь мөн энэ эрхийг эдэлж байгаа. Тухайн хүний гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хөтөлбөргүй шуурхай тогтоох үүрэг төрд байна. Гэтэл энэ байдал алдагдсан гэдгийг олон улсын байгууллагаас сүүлд хийсэн үнэлгээ болон практик хуульчдын дундах шүүмжлэлт байр суурь харуулсаар байна.
2. Ялангуяа олон сар, жилээр хоригдоод хэрэг нь хэрэгсэхгүй болдог, цагааддаг тохиолдол байна. Эсвэл анх нийгэмд дуулиан шуугиан болж том хэрэгт холбогдсон мэтээр олон нийтэд ойлгогддог. Тэгээд баривчилж хорьдог. Яг шалгаад шүүгээд ирэхээр ял нь хөнгөрдөг, эсвэл хэрэгсэхгүй болдог. Цаана нь тухайн хүн урт хугацаагаар хоригдсон нөхцөл байдал байдаг. Тэр эрх чөлөөгөө хасуулсан сэтгэл санаа болон эрүүл мэндийн хохирлыг Монголын шүүх, төр барагдуулдаг уу?
Хариулт: Мөрдөгч прокурор, эрх бүхий албан тушаалтан хүний эрхийг үндэслэлгүй хууль бус зөрчсөн бол хуульд заасан хариуцлага хүлээхээс гадна, учирсан хохирлыг төлөх үүрэгтэй. Энэ талаар ЭХХШтХ-ийн 45.1-р зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй”, 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана” гэж тус тус зохицуулжээ.
Хууль бусаар цагдан хорьсон, хууль бусаар ял сонсгоод цагаадсан эрх чөлөөг хууль бусаар хохироосон болохыг тус хэрэгт гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр (хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол) нотлоно. Хүний эрхэд хууль бусаар халдсанаар хохирол учирна, тодруулбал “Сэтгэл санаа (өөрт нь болон гэр бүлд нь)-ны хохирол, алдар нэр хүнд нь доройтох, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон үеийн хохирол, ашиг орлого олох боломжоо алдах” гэх мэт хохиролоос хор уршиг учирна. Энэ хохирлоо төрөөс нэхэмжлэх эрхтэй.
Энэ төрлийн хохирлыг шүүхээр буруутай этгээдээс, төрөөс нэхэмжилсэн хэргүүд хэд хэд байдаг. Сүүлийн 4 жилийн байдлаар хийсэн судалгаагаар нийт нэхэмжилсэн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 30-40 хувийг хангаж сэтгэл санаа болон олох ёстой байсан орлого ашгийг гаргуулж шийдвэрлэсэн гэсэн судалгаа байдаг. Жишээ нь: Баримт бичиг хулгайлсан хэргээр шалгагдаад хэрэгсэхгүй болсон тул 10 сая төгрөг нэхэмжлээд түүнээс 2 сая төгрөгийг хангасан 2021 оны Иргэний хэргийн шүүхийн шийдвэр байна.
Мөн Хүний эрхийн үндэсний комисс нь төр хууль хүчний байгууллага хүний эрх зөрчсөн асуудлаар төлөөлөн нэхэмжлэл гаргадаг. 2002 оноос өнөөдрийг хүртэл нийт 40 удаагийн төлөөлөн нэхэмжлэл гаргасан, үүнээс 33 нь сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн байна. Нийт нэхэмжилсэн хохирлын хэмжээ 4.8 тэр бум төгрөг байснаас 3.3 тэр бум төгрөг нь сэтгэл санааны хохирол байсан ба үүнээс 550 орчим сая төгрөгний нэхэмжлэлийг хангасан байна. Энэ дунд 19 сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийн 247 сая төгрөгийг хангаж шийдвэрлэсэн гэж мэдээллэсэн.
Мөн Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар дараах бодит мэдээ мэдээллийг өгч байсан. Үүнд:
2005 онд иргэн Ч-д учирсан 34.622.000 төгрөгийн хохиролд шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргамагц прокуророос эрүүгийн хэргийг сэргээн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин эхлүүлсэн тул Комисс шүүхээс нэхэмжлэлээ эргэн татсан тохиолдол гарсан байна.
Түүнчлэн 2004 онд хилсээр хүн амины хэрэгт холбогдон 3 удаа цаазаар авах, 1 удаа 24 жилийн хорих ял сонсож, 2 жил 6 сар 16 хоног урьдчилан хорих байранд, 4 жил, 2 сар, 7 хоног гянданд ганцаарчлан, нийт 6 жил, 8 сар, 23 хоног хоригдсон иргэн Ч.Э-г төлөөлөн түүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохиролд нэхэмжлэл гаргаж, Нэхэмжлэлээс сэтгэл санааны хохиролд 16 сая, гэм хорын хохиролд 2.010.625 төгрөг, нийт 18.010.625 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь тухайн иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаар Комиссоос авч хэрэгжүүлсэн чухал арга хэмжээ болсон байна.
3. Дээрхтэй холбож асуухад хэн нэгнийг цагдан хориод шалгах явцдаа хуулийнхан нотлох баримтыг янз бүрээр олж авдаг. Тэр нь хүний эрх зөрчигддөг тохиолдол байна гэсэн шүүмжлэл гомдол байдаг. Тухайлбал, нотлох баримтыг хуурамчаар олж авах гэх мэт. Гэвч ял авдаг. Уг нь ийм тохиолдолд цагаадаж хэрэгсэхгүй болдог гэв үү?
Хариулт: ЭХХШтХ-ийн 41.1 дэх хэсэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх, улмаар цагаатгах талаар зохицуулсан. Хурамч баримт үйлдсэн, худал мэдүүлэг өгсөн, албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж хилсээр шийтгэсэн зэрэг үндэслэл байвал түүнийг шүүхээр тогтоолгон цагаатгуулах эсвэл эсрэгээрээ цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож алдааг залруулах боломж байгаа. Харин цаазын ялын үед энэ алдааг залруулах боломжгүй байдаг тул ардчилсан улс бүр энэ төрлийн ялаас татгалздаг.
4. Койны хэрэгт О.Мөнхжинг удаан хугацаанд цагдан үндэслэлгүй цагдан хорьж байна гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөөд байгаа. Нөгөө талаар түүнийг өмгөөлөх багтаа өндөр өртөгтэй, олон хүмүүсийг ажиллуулж байна. Үүнд прокурор дургүй байгаа тухай нэг бус хүмүүс ярьж харагдаж байгаа. Хэн нэгэн өмгөөлөх эрхээ яаж эдлэх нь прокурорт хамаатай юу?
Хариулт: Хүн хэдэн ч өмгөөлөгчтэй байж болно, өмгөөлөгчгүй өөрийгээ өмгөөлж болно. Өмгөөлөгч үйлчлүүлэгч хоёр хэдэн төгрөгөөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах нь талуудын чөлөөт байдал, эрх чөлөөний асуудал. Хэргийн ээдрээ төвөгтэй байдал, цаг хуагцаа, үйлчлүүлэгчийн боломж бололцоог харгалзаж хөлсөө тохиролцож байгаа. Олон өмгөөлөгчтэй байгаа талаар прокурор эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа эрх бүхий албан тушаалтан шүүмжлэлтэй хандах нь ёс зүйн зөрчил, улмаар хүний эрхийн зөрчилд тооцно. Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангүй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж хэлж болно.
Мөн олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээллэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давалгаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж буй зохисгүй үзэгдэл билээ. Өмгөөлөгчийн хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг дээ.