ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ Б.ЖИГМЭДДОРЖ: СЭЖИГТНИЙГ БАРИВЧЛАХ, ЯЛЛАГДАГЧИЙГ ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРЭЭ ҮНДЭСЛЭЛ МУУТАЙ ГАРГАЖ БАЙГАА НЬ ЭРГЭЭД ШҮҮХИЙН НЭР ХҮНДЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА
  1. Сэжигтнийг цагдан хорих хугацааг олон хоног сараар үргэлжлүүлж байгаа асуудлыг хуульчид хөндөх боллоо. Сүүлийн кейс гэхэд Мөнх-Эрдэнийн асуудал байна. хууль шүүхийн практикт ийм хүний эрхийг зөрчсөн явдал гарсаар байна уу?

Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжиж эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхээр эрхэм зорилгоо тодорхойлсон байдаг. Үүнийхээ хүрээнд хууль тогтоомжийн шинэчлэл хийгдэж байгаач нэн ялангуяа эрүүгийн процессын ажиллагаанд хүний эрхийн зөрчил гарсаар байгаа. Манай улсын хувьд ЭХХШТХ-д Шүүх дараахь үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана гэж хуульчилсан байдаг.

1-рт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан,

2-рт шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа,

3-рт гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа,

4-рт урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Эдгээр 4 үндэслэлийн аль нэг нь байхгүй байхад цагдан хорих ёсгүй гэсэн үг. Таны дурьдсан иргэний хувьд бол тодорхой хариулт өгөх боломжгүй байна. Учир нь хэргийн процесстой танилцаагүй тул мэдээлэл тайлбар өгөх боломжгүй юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах боломжгүй харин мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа оролцогчид л хэргийн материалтай танилцдаг учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг ямар үндэслэлээр авч байгаа талаарх баримттай танилцах боломжгүй байдаг.

  1. Хууль зүйн сайд онц ноцтой хэрэгтэн  биш л бол цагдан хорихгүй байх талаар ярьж эхэллээ. Хууль бус цагдан хорио тухайн иргэнд яаж нөлөөлдөг вэ?

Юуны өмнө онц ноцтой гэмт хэрэгтэн гэсэн ойлголт Монгол улсын эрүүгийн хууль болон ЭХХШТХ-д байхгүй. Үүнийг хууль зүйн сайд ч мэдэж байгааг хэлэх хэрэгтэй байх.

 Цагдан хорио нь иргэний үндсэн эрх буюу Үндсэн хуулиар хамгаалагдсан, баталгаатай эдлэх ёстой халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хөнддөг тул үндэсний төдийгүй олон улсын түвшинд эрх зүйн хамгаалалт тогтоодог. Тодруулбал, НҮБ-ын 1945 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 9 дүгээр зүйлд “Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй”, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 9.1-д “...Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй...”, мөн НҮБ-аас “Цагдан хорих болон ... хүмүүсийг хамгаалах зарчмууд”-ыг батлан гаргасан байдаг. Манай улсын хувьд дээрх хүний эрхийг хамгаалсан олон улсын бичиг баримтуудад нэгдэн орсоноос гадна дотоодын хууль тогтоомжууддаа тусгайлан зохицуулсан байдаг. Жишээлбэл, МУҮХ-ын 16.3-т “Монгол Улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, цагдан хорих, мөрдөн мөшгих эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэж баталгаажуулжээ.

  1. Яагаад өнөөдөр прокурор, шүүгчид ингэж хүний эрхийг зөрчдөг болов оо? НҮБ-ын шинжээч шүүхийн шийдвэргүйгээр хорьж байгаа талаар ноцтой судалгааг танилцуулсан шүү дээ?

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хөнддөг тул зайлшгүй тохиолдолд эцсийн арга хэмжээ болгож хэрэглэх ёстой.   Энэ арга хэмжээг хэрэглэх эсэхийг шийдвэрлэх шүүх хуралд хуульд заасан үндэслэл нь ямар үйл баримтаар тогтоогдож байгааг прокурор, өмгөөлөгч нар нотлох баримтын хүрээнд мэтгэлцэж шүүх шийдвэрлэдэг байх нь хүний эрхийн зарчимд нийцнэ. Гэтэл ийм боломж өмгөөлөгчид огт байхгүй, цагдан хорих үндэслэл болсон нотлох баримттай өмгөөлөгч танилцдаггүй, таницуулдаггүй учраас цагдан хорионы асуудал байнга шүүмжлэл дагуулж байгаа үүнийг  өөрчлөх шаардлагатай.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд иргэдийн бухимдал нилээдгүй байна. Энэ нь олны анхаарлыг татсан хэрэгт холбогдсон хүмүүсийг цагдан хорих шийдвэрээ үндэслэл муутай гаргаж байгаа нь эргээд шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

 Дээр дурьдсанчлан ЭХХШТХ-ийн 14.9.1-д заасан үндэслэлүүдийн дор хаяж 1 нь байхад л цагдах хорих арга хэмжээ авч болно. Харин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ 1-рт Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, суллагдсан яллагдагчид урьд нь цагдан хоригдсон үндэслэлээр, 2-рт Өсвөр насны яллагдагч, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй яллагдагч, жирэмсэн яллагдагчид эрүүгийн хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, эсхүл урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэнээс бусад тохиолдолд авахыг хориглодог. Ингэхдээ хугацааны хувьд цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байдагч хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгадаг. Мөн баривчлагдсан хугацааг цагдан хорих хугацаанд оруулж тооцдог гээд нарийн хугацаанууд байгаа.

  1. Прокурор, шүүгчид хэн нэгний захиалгаар ажиллаад байна гэх гомдол тасрахаа больсон. Цагдан хорьж залхаан цээрлүүлдэг болсон гэх боллоо. Хуульч, өмгөөлөгчдийн практикт байна уу энэ асуудал?

Хэн нэгний захиалгаар прокурор, шүүх ажилладаг гэдэг яриатай хуульч, өмгөөлөгч хүний хувьд би санал нийлэхгүй байна. Хэрэв ямар нэг байдлаар шүүгчид нөлөөлж, түүнд дарамт шахалт учруулбал шүүгч өөрөө нөлөөллийн мэдүүлэг хөтөлж тухайн асуудлыг шалгуулах үүрэг нь байдаг. Харин сүүлийн үед ажиглагдаад байгаа гол нөлөөлөл гэхээс илүү сэтгэл зүйн дайралт бол сошиал орчинд нийгмээрээ хэрэг, асуудлыг шүүж дайрдаг болоод байна. Дуулиан шуугиантай хэргийн яллагдагчийг хорих ёстой гэсэн хүмүүсийн эсэргүүцэл хэл ам интернэт орчинд цацагдсанаар шүүгчид сэтгэл зүйн нөлөөллийг үүсгэж байна гэж дүгнхэхээр байгаа. Жишээлбэл 7 тэрбумын хэргийн яллагдагчийг цагдан хорих асуудлыг шийдвэрлэх хуралдааныг түр хойшлууллаа гэдэг мэдээний дор хэдэн зуун мянган сэтгэгдэл цаашлаад нийтэд тараахдаа шүүгчийн зураг хөрөгтэй нь мэдээллэгдэж байх жишээтэй. Шүүх зөвхөн хуульд л захирагдана. Харин тэр хэргийн хувьд цагдан хорих үндэслэл хуульд заасны дагуу бодит баримт сэлт дээр тулгуурласан эсэхийг бид мэдэхгүй. Тиймээс сошиалд олон нийтэд сэвж нийгмээр нь үзэн ядуулж байгаад тухайн хэргийг шийдүүлдэг сошиал шүүх бий болоод байгаад л эмзэглэж байна. Үндэслэлгүйгээр цагдан хоригдсон эсвэл цагдан хорьж шалгах үндэслэл арилсан гэж үзвэл ЭХХШТХ-ийн 14.12.2-т зааснаар өөрөө болон хуульч, өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол, хүсэлтээ гаргаад шүүхээр шийдвэрлүүлэх боломж нь нээлттэй байдаг. Мөн хорьж мөрдөх үндэслэл арилсан гэж үзвэл тухайн этгээдийг суллаад өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авдаг.