Хуульч, Өмгөөлөгч Г.Цолмонгэрэл: Зээлийн харилцаанд гурван жилийн туршид зээлийн төлбөрөө нэхэлгүй таг чиг явж байгаад, хөөн хэлэлцэх хугацаа тулган шүүхэд нэхэмжлэл гаргадаг.

Өдрийн зээл олгоно, чөлөөлнө гэх зар элбэг тохиолдно. Зарын дагуу хандвал “зээлийн хүү 10 хувь, хугацаа 15 хоног, зээлийн шимтгэл 15 мянган төгрөг”, эсвэл “өдрийн 10 хувь барьцаа шаардахгүй” гэсэн байх юм, энэ нь сарын 30 хувь бүүр сарын 300 хувийн зээл гэж ойлгогдохоор байна. Эдгээр зээлийг гар дээрээс худалдаа эрхлэгчид, зах худалдааны төвийн наймаа эрхлэгчидэд, яаруу тэвдүү мөнгөний хэрэг гарсан хүмүүст голдуу санал болгож зээлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Дийлэнхи нь зээлсэн мөнгөө увуулж цувуулаад шударгаар төлдөг боловч өдрийн зээлээ төлж чадахаа больсоноос өрөнд орж байгаа нь чамгүй олон тохиолддог.

Гэтэл ийм төрлийн зээлийг зөвшөөрөлгүй олгож байнга ашиг олох нь хууль бус бөгөөд хэт өндөр хүү төлөх ёсгүй, нэгэнт түрүүлж төлсөн хүүний мөнгөө үндсэн зээлдээ тооцуулан хасуулах боломжтой болохыг иргэд төдийлөн анзаардаггүй.

Мөн ломбард гэсэн хаяг алхам тутамд тааралдна. Ломбард нь бусдын эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж авдаг бөгөөд 30 хоногийн хугацаатай 3.5-8 хувийн хүүтэй мөнгө зээлүүлдэг. Ингээд хугацаандаа эд зүйлсээ авч чадаагүй бол нэг мессеж илгээсэн болоод эд зүйлсийн зах зээлийн үнэ-зээлийн төлбөр хоёрын зөрүүг тооцолгүй ломбардын орлого болгодог,  хоногт 0.5-1 хувийн алданги тооцдог, хугацаанаасаа өмнө эд зүйлсээ авахад хүүг бүтэн сараар нь тооцон бүтнээр нь авдаг гэх мэт зөрчил дутагдал илэрсэн бөгөөд нийт шалгалтанд хамрагдсан ломбардын 37.6 хувь нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, холбогдох татварын албанд бүртгэлгүй болохыг өнгөрөгч онд Хууль зүйн яамнаас мэдээллэсэн.

Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд Зээлийн харилцааны үндсэн 3 төрөл байна. Үүнд:

1. Банк, эрхий этгээдийн зээл 

2.Барьцаалан зээлдүүлэх буюу ломбардын зээл

3. Иргэд хоорондын зээл гэж. Тус бүр өөрийн онцлох зохицуулалттай байдаг бөгөөд энэ талаар иргэд дутмаг мэдээлэлтэйгээс болж хохирох, өөрсдийн эрх зүйн байдлаа дордуулах эрсдэл үүсдэг.

Банк, банк бус байгууллагын зээлийн харилцааг голчлон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулна.

Банкны хэрэглээний зээлийн дундаж хүү сарын 1.5 хувь, жилийн 17 хувь, ББСБ-н зээлийн дундаж хүү арай өндөр сарын 2.9-3.5 хувь, жилийн 30 гаран хувийн хүүтэй байх жишээтэй. Уг хүү бодох аргачлалыг тогтоон Монгол банкнаас хяналт, зохицуулалт хийдэг. Зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө хугацаанд нь төлж чадаагүй бол гэрээний хугацаа дууссанаас үл хамааран ашигласан хугацааны хүүг, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх ёстой болно. Тиймдээ ч банк, ББСБ-н зээлд анз буюу хугацаа хэтэрсэн хоногийн алданги, торгууль тооцож авдаггүй.

Шүүхээр маргаж байгаа зээлийн төлбөрийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах маргааны туршлагаас харвал, зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлээ буцаан төлөөгүй тасалдуулсан, цаашдаа төлж чадахааргүй болмогц зээлдүүлэгчтэйгээ очиж уулзан гэрээг цуцлах, барьцаа хөрөнгөөр хангуулах аргыг шуурхай хэрэглээгүй хоног хугацаа алдсанаас болж их хэмжээний өр төлбөрт орсон байх нь элбэг.

 “Банкнаас эсвэл ББСБ-с “Зээлээ төл” гэж намайг дуудаагүй, чимээгүй байгаад байсан би ч чимээгүй байгаад байсан” гэх тайлбар олонтой сонсогддог.  Гэтэл хуулийн дагуу таны авсан мөнгө өдөр, сараар хүү тооцогдож байгаа тул яаралтай зээлийг төлөх арга хэмжээ авах нь зүйтэй. Нөгөө талдаа энэхүү хуулийн боломжийг Банк, ББСБ хэтийдүүлэн ашиглаж Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд буюу 3 жилийн туршид зээлийн төлбөрөө нэхэлгүй таг чиг явж байгаад, хөөн хэлэлцэх хугацаагаа тулган шүүхэд нэхэмжлэл гарган өндөр хүү төлбөр нэхэмжлэх, улмаар шийдвэр гүйцэтгэлийн шатанд хөрөнгийн үнэлгээг бууруулан авах тохиолдол их байна. Энэ нь зээл олгодог мэргэжлийн байгууллагын хувьд ёс зүйгүй үйлдэл юм, хүнийг аль болох өрөнд оруулахгүй, асуудлыг даамжруулахгүйгээр хамтран арга хэмжээ авах боломжийг эрэлхийлэх ёстой гэж боддог.

Шийдвэр гүйцэтгэлийн шатанд зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй бол мөн л ашигласан хугацаагаар дахин зээлийн хүү төлбөр нэхэмжлэх боломжтой болохыг анхаарах хэрэгтэй.

Банк, банк бус ломбард нь зээл олгосныхоо хариуд 1 хувийн гм тогтсон зээлийн шимтгэлийг авдаг, энэ нь хуульд байхгүй зүй бус орлого (зардал) болохыг Улсын Дээд шүүхээс тогтоосон бөгөөд иргэд сүүлийн 10 жилийн дотор байгуулсан зээлийн гэрээнд төлсөн шимтгэлийг зээлдүүлэгчээс буцаан шаардах эрхтэй юм.

Харин барьцаат зээлийн харилцааг урьд нь Иргэний хуулийн 286 зүйл болон Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ MNS 5274:2017 стандартаар зохицуулж байгаад 2022 онд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай тусгайлсан хуулиар зохицуулдаг болсон.

Тус хуулиар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч, мөнгөн зээлийн үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуйн нэгжийг харьяа Засаг дарга, Санхүүгийн зохицуулах хороонд албан ёсоор бүртгэн зөвшөөрөл олгодог болсон бөгөөд хүүгийн дээд хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Сангийн яам, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас бүрдсэн зөвлөл тогтоож байхаар болжээ. Мөн эд зүйлсийг зах зээлийн бодит үнээр тооцон зээл олгодог байх, зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцож байхаар, алданги тооцохгүйгээр 20 хүртлэх хувийн нэмэгдүүлсэн хүү авч байхаар шинэчлэн хуульчилжээ. Ингэхдээ зээлийн хууг урьдчилан авахыг хориглосон, шөнийн цагаар  ажиллахыг хязгаарласан зэрэг нь банк эрх бүхий этгээдийн зээлийн зарчимтай илүү төстэй болсон байна.

Урьд нь буюу 2022 оны 12 сард энэхүү хууль батлагдахаас өмнө Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар (одоо хүчингүй болсон) зээлийн хугацаа дууссанаас хойш 10 хоногийн дотор зээлдэгчид мэдэгдэж гэрээг цуцлан, эд хөрөнгийг борлуулах, зах зээлийн үнээр борлуулсан хөрөнгийн үнэ зээлийн зөрүүг зээлдэгчид (барьцаалагчид) буцаан олгох зохицуулалттай байсан бөгөөд шүүхээс зөвхөн мэдэгдэл хүргүүлээд хүлээсэн 10 хоногийн хугацааны хүү алдангийг л ломбардад олгож, түүнээс хэтэрсэн хугацааны хүү алдангийг олгохгүй байхаар, шууд эд хөрөнгийг ломбардны орлого болгосон нь буруу зөрүүг заавал олгох ёстой гэж шүүхээс шийдвэрлэж байсан.

Өөрөөр хэлбэл “Мөнгө” гэдэг бол байнгын эргэлтэнд ордог түүнийг олж авахад төлбөр төлдөг, үнэ цэнэтэй хэрэгсэл гэдэг утгаараа ашигласан хугацааны хүүг ломбарданд ч гэсэн тооцож авах ёстой гэж хууль тогтоогч үзсэн байна.

Мөн Мөнгөн зээлийн хуулийн дараагийн нэг ололт нь “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээг байгуулсан бол хүү авах эрхээ алдах”-аар зохицуулсан юм.

 Урьд нь зөвхөн маргалдагч талуудын өмгөөлөгч, хуульчдын хууль хэрэглээний чадварт суурилсан дүгнэлт хийх маягаар эсвэл шүүхийн санаачлагаар мөнгө хүүлэгч иргэдийн хоорондын зээлийн гэрээ, хэт өндөр хүүг бууруулж ирсэн байдаг. Ийнхүү хууль, ёс суртахуунд нийцэхгүй бүртгэлгүй зээлийн харилцааны тохиолдол бүрт ялгаатай янз бүрээр шийдэж ирсэн шүүхийн практикт цэг тавьж нэг мөр ойлгомжтой хуульчилсан нь талархууштай болжээ.

Өөрөөр хэлбэл Иргэд хоорондын зээлийн гэрээний (Иргэний хуулийн 281 зүйлд зааснаар зохицуулдаг) төрлийг ашиглан бүртгэлгүй, татвар төлөхгүй, хэт өндөр хүүтэй зээлийг мөнгө хүүлэгчид олгож иргэдийг хохироож ирсэн.

Мөнгө байнга зээлж, хүү авна гэдэг бол  тусгай зөвшөөрөлтэй явуулдаг харилцаа юм. Зөвшөөрөл аваагүй байнга ашиг олохоор олон удаа хүүтэй мөнгө зээлсэн бол зээлдэгч нь хүү төлөхөөс татгалзах эрхтэй болжээ.

Харин иргэд (аж ахуйн нэгж) хоорондоо нэг удаагийн тохиолдлоор (зайлшгүй шаардлага бүхий хэд хэдэн удаагийн тохиолдол) танил найз, ах дүүдээ мөнгө зээлүүлэх, түүнд хүү, алданги тооцон гэрээ байгуулж болно. Гагцхүү хүү, алданги авахаар тохирсон бол гэрээгээ бичгэн хэлбэрээр байгуулах ёстой эс бөгөөс хүү алданги авах эрхээ алдна. Зээлийн гэрээний хугацаа дууссан бол талууд харилцан тохиролцож хугацаагаа бичгээр сунгах ёстой, сунгаагүй бол зөвхөн гэрээнд заасан хугацаанд харгалзах хүүг л авах эрхтэй байж болох юм. Өөр хэлбэл иргэд хоорондын зээлд ашигласан хугацаагаар зээлийн хүүг тооцдоггүй болно. Алданги торгуулийн хэмжээ үндсэн төлөөгүй байгаа зээлийн 50 хувиас хэтэрдэггүй.

Мөн бодитоор олгоогүй мөнгийг зээл гэж үздэггүй, хүүнээс хүү тоооцож болдоггүй тул түүнээс хүү алданги тооцож авч болохгүй. Жишээ нь: 20  сая төгрөг зээлсэн, гэрээний хугацаанд түүний хүү 5 сая төгрөг болсон гэж бодьё. Нийт 25 сая төгрөгөөр хугацаандаа төлж чадаагүй бол гэрээг сунгахдаа эсвэл дахин гэрээ хийж 25 сая төгрөг өгсөн үүнээс хүү дахин бодно гэж болохгүй гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд аливаа зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа бол заавал таньд мэдэгдэх, зээлээ төлөх эцсийн хугацаа тооцох, барьцаа хөрөнгийг үнэлэх, худалдан борлуулах талаар танаас санал авах ёстой болохыг анхаараарай. Таны оролцоогүйгээр барьцаанд тавьсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шууд худалдан борлуулах ёсгүй бөгөөд зах зээлийн ханшаар зарж, илүү гарсан бол зөрүү төлбөрийг олгодог хууль журамтай билээ.