ХУУЛЬЧ Б.БАТТОГТОХ: НӨАТ-ЫН ЗАЛИЛАНГИЙН ХОХИРОГЧ БОЛОХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА.

Татвар төлөгчийн өдрүүд Цахимаар үйлчлүүлье уриан дор саяхан болж өнгөрлөө. Татварын байгууллагын үйл ажиллагаа цахим болсны ач холбогдлыг та хэрхэн үнэлж байна вэ?

Төрийн байгууллагууд дундаас цахимжсан байгууллага нь татварын алба байх.

Цахим болсноор авлига, хүнд суртал буурахад тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсэн.

Татвар төлөх нь маш хэцүү хүндрэлтэй цаг үе байсан. Цаг үеэ дагаад бүхий л үйл ажиллагаа цахим болж эхэлж байна. Эерэг үр дагаварыг бий болгож байна. Бас сайныг дагаад саар гэдэг шиг сөрөг үр дагавар ч бас гарч ирж байна.

Ямар сөрөг үр дагавар гарч байна вэ?

НӨАТ-ын залилан буюу падааны хий бичилт.

НӨАТ-ын залилан гэж юу билээ. Дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч.

Сүүлийн үед хувь хүмүүс орон сууцны залилан, бизнес эрхлэгч хувь хүн, компаниуд НӨАТ-ын залилангийн хохирогч болох тохиолдол их байна. Барилгын материал худалдаалж буй зах, худалдааны төвд зарагдаж буй цемент, арматур зэрэг бараа, материал худалдаж авахад НӨАТ-ын падаан шивдэг. Худалдан авалтаа тайлагнаж, албан татварын хасалт хийх гэхлээр хуурамч хий бичилттэй падаан гэдгээр зөрчил, гэмт хэрэгт холбогдож байна.  НӨАТ суутган төлөгч этгээдээс бараа, ажил, үйлчилгээ худалдан авч төсөвт төлөх албан татвараасаа худалдан авалтанд төлсөн татвараа хасч тооцох болоход танай компанийн худалдаж авсан бараа, материалд гааль, НӨАТ төлөгдөөгүй учраас худалдан авалтанд төлсөн гэх албан татвар нотлогдохгүй гэдэг үндэслэлээр нөхөн татвар, торгууль, алдангийн өрөнд орж байна. Өмнө нь цаасан падаан байхад аж ахуйн нэгж өөр хоорондоо хий бичиж төлөх татвараа бууруулах асуудал мөн гардаг байсан. 2015 онд батлагдсан НӨАТ-ын хуулиар цаасан падааныг цахимаар үйлдэх боломжтой болсон. Ингэснээр хий бичилт цахим хэлбэр рүү шилжсэн. Хилээр бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэхдээ татвар төлөгдөхгүй орж ирээд дотоодын зах зээл дээр зарж борлуулахдаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглан бичиж байгаагаас үүдэлтэй.  

Гаалийн хяналт шалгалт сул байна гэсэн үг үү.

Тийм. Гаалиар орж ирэхдээ л нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвар төлөгдөөд ороод ирсэн тохиолдолд тухайн бараанд ямар ч асуудал үүсэхгүй. НӨАТ шингэсэн барааг худалдан авсан учраас борлуулалтын орлогод ногдох албан татвараа худалдан авалтанд төлсөн албан татвараас хасч тооцох боломжтой.

НӨАТ-ын падааныг өөр хоорондоо бичиж татвар төлөхөөс зайлсхийж байгаа шалтгаан юунд байна.

Төлөх татвараа бага байлгах гэсэн татвар төлөгчийн хүсэл зоригтой шууд холбоотой. Татвар төлөгчдийн нуруунд НӨАТ, НДШ дарамт, ачааллыг үүсгэдэг.

-Зарим газар НӨАТ-ын баримт өгдөггүй. Энэ нь цаанаа далд эдийн засаг явж байна гэдэг. НӨАТ өгдөггүй газруудыг татвар төлдөггүй гэж ойлгох уу?

Тэгж ойлгож болно. Борлуулалтын орлогоо нууж байна гэж үзнэ. Бараа нь хямдарсан гээд төлбөрийн баримт олгохгүй байгаа тохиолдол түгээмэл байдаг. Аль ч тохиолдолд төлбөрийн баримт олгох ёстой. Бараа хямдарсан нь төлбөрийн баримт хэвлэж олгохгүй байх үндэслэл биш.

-Зарим байгууллага илүү, дутуу бичилт хийдэг гэдэг. Энэ нь зөрчил үү, гэмт хэрэг үү. Ямар хариуцлага хүлээх ёстой вэ?

НӨАТ-ын падааныг өөр хоорондоо хий бичиж төлөх татвараа бууруулах үйлдэл цаасан падаан байхад ч гарч  байсан, одоо цахим хэлбэрт шилжсэн байна. Татварын байгууллагаас НӨАТ-ын хий бичилт ашиглаж албан татвар төлөхөөс зайлсхийж буй зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэж, түүнийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг практик тогтсон. Сүүлийн үед энэ зөрчлийг гэмт хэрэг гэж үзэж худалдан авагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гарсан. Эрүүгийн хуульд 50 сая ба түүнээс дээш хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Татварын байгууллага НӨАТ-ын залилангийн хохирогч болсон татвар төлөгчид Захиргааны ерөнхий хуульд заасан сонгох боломжийн хүрээнд татварын тайланг залруулах, нөхөн татвар, торгууль, алдангийг төлүүлэх арга хэмжээг авах бүрэн боломжтой. Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгаж байгаа тохиолдолд зөвхөн хохирол болох албан татварыг төлүүлэхээр байгаа. Харин татвар төлөгчид захиргааны хариуцлага хүлээлгэх тохиолдолд нөхөн татвараа төлүүлээд зогсохгүй торгууль, алдангийг нэмж төлүүлнэ. Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийг нөхөж авч байгаагаараа эрүүгийн хариуцлагаас арай өөр.

-Энэ асуудлыг цаашид гаргахгүйн тулд татварын байгууллага юуг анхаарах ёстой вэ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг бүртгэж авахдаа маш анхаарал болгоомжтой хандах нь зөв. Ялангуяа сайн дураар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хувь хүн, хуулийн этгээдийн хүсэлтийг татварын улсын байцаагч нягталж шалгасны үндсэн дээр гэрчилгээг олгох ёстой. Хуульд 20 хувийн болзол хангасан бол сайн дураар НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх боломжтой гэж заасан. Үүнийг НӨАТ-ын падааныг хий бичих, төлөх татвараа бууруулах зөрчил гаргах урьдчилсан нөхцөл гэж хэлж болно. НӨАТ-ын залилан хийж буй хүмүүс үүнийг ашиглаж байна. Татварын байгууллага татварын зорилгоор татвар төлөгчийн талаарх хөндлөнгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх байдлаар НӨАТ-ын падааны зөрчилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжтой.

-Тэгвэл татвар төлөгч юуг анхаарах ёстой вэ.

НӨАТ суутган төлөгч бараа, ажил, үйлчилгээнд уг албан татварыг шингээсэн борлуулдаг газраас авч байх хэрэгтэй. 

-Энэ асуудлыг цаашид гаргахгүй байхын тулд яах ёстой вэ.

НӨАТ-ын хуулиар үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй. Тэр эрх хэмжээгээ хэрэгжүүлээд ирэхээр аяндаа цэгцэрнэ. Ер нь татварын эрх зүйн харилцааг зохицуулж буй дүрэм, журмуудыг хуульчлах нь Үндсэн хуульт ёсны шаардлагад нийцнэ гэж үздэг. Ялангуяа татварын албанаас хэрэгжүүлж буй татварын хяналт шалгалт, татвар хураалтын процесс зэрэг хүний өмч хөрөнгөд халддаг, албадлага хэрэглэдэг зохицуулалтыг зайлшгүй хуульчлах шаардлагатай.

НӨАТ-ыг хүн болгон төлдөг үү.

Тийм. Бараа, ажил үйлчилгээг цааш нь бусдад борлуулахгүй эцсийн хэрэглэгч нь болж байгаа бол бүгд НӨАТ төлөгч. Хөрөнгийн татвар шиг шууд ногдуулж төлдөггүй, хэрэглээний татвар учраас хүмүүс НӨАТ төлж байгаагаа тэр бүр мэддэггүй. НӨАТ-ын урамшуулал хэрэгжиж эхэлснээс хойш тодорхой хэмжээнд мэдэх болсон.

-НӨАТ-ын татварт иргэд 10 хувийг төлдөг. Тухайн арван хувийн орлого хаашаа очдог вэ?

2 хувийг буцаан олголтоор буцааж авч байна. Үлдсэн хувь нь улсын төсвийг бүрдүүлж байна.

-Сугалааг болиулж, иргэдэд очиж буй 2 хувийн буцаан олголтыг 10 хувь болгохыг иргэд шаарддаг. Энэ боломжтой юу?

Сугалааг болиулах боломжтой. Буцаан олголтыг 10 хувь болгох нь улсын төсөвт ашиггүй.

-Засгийн газар, УИХ энэ тал дээр ямар нэгэн тайлбар өгдөггүй. Иргэд ер нь яг хэдэн хувиа буцаан авах боломжтой байдаг юм бэ?

Буцаан авах хувийг нэмэгдүүлбэл төсөвт төвлөрөх орлогын хэмжээ багасна. Тийм учраас ЗГ тайлбар өгөхөөс татгалздаг байх. Яг хэдэн хувийг буцааж авах ёстойг нь эдийн засагчид тооцоолж хэлэх нь зөв байх.

-Хуульчдад НӨАТ-ын талаар хамгийн их ирдэг гомдол саналууд юу байдаг вэ?

Өмнө хэлсэнчлэн НӨАТ-ын падааны асуудал, төлбөрийн баримт олгоогүй гэх гомдол, НӨАТ-ын тайлан хоцроочихлоо гэх мэт асуудлаар их ханддаг. Ихэвчлэн асуудал нилээд хүндэрсэн хойно хууль зүйн туслалцаа хүсэх нь олонтой. Эхнээсээ татварын мэргэшсэн хуульч, зөвлөхийн туслалцаа аваад явбал татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг хамгаалагдах, татварын эрсдэлд орохгүй байх боломжтой. Тухайн тайлант сарын борлуулалтын орлогын 2 хувиар торгохоор заасан. Энэ нь татвар төлөгчид маш хүндээр тусдаг. Зөвхөн ганц хоёр төлбөрийн баримт олгоогүй гээд гомдол гаргахад дээрх дүнгээр торгуулах асуудал үүснэ. Ийм эрсдэл байгааг анхаарах шаардлагатай.

-Иргэдэд НӨАТ-ын талаарх хамгийн чухал мэдлэг юу байх ёстой вэ?

НӨАТ-ын талаарх ойлголт хангалтгүй байгаа нь анзаарагдсан. Мэргэжлийн хүмүүсийн хүрээнд байгаа хүмүүс мэдлэг, мэдээллээ хуваалцах нь зөв ойлголт өгөхөд ач холбогдолтой. Иргэдэд НӨАТ-ын талаар бүрэн дүүрэн мэдээлэл өгөх шаардлагатай.

-Өөр танд НӨАТ-тай холбоотой нэмж ярих зүйл байна уу?

Татвар төлөгчийн хувьд татварын төлөвлөлт хийх нь зөрчил, гэмт хэргийн аль нь ч биш, татварын нөлөөллийг зөв тооцоолж, ашиг орлогоо нэмэгдүүлэх, ирээдүйд учирч болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал. НӨАТ-ын хуультай холбогдуулж хэлэхэд Зөрчлийн хуульд бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа бизнес эрхлэгч төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын олсон орлогын үнийн дүнгийн 2 хувиар торгоно гэж заасан. Тухайн бизнесийн эрхлэгчээс борлуулалтын орлогоос хамаарч бага эсхүл их  хэмжээгээр торгуулна гэсэн үг. Татварын албанаас шалгалт хийсний үндсэн борлуулалтын орлогыг тодорхойлж торгох дүнг гаргаж ирдэг. Тэгэхээр их хэмжээний борлуулалтын орлого олсон бол төдий чинээгээр торгуулна. Хэдэн ч тэрбумаар торгож болно. Тийм эрсдэл бий. Тэгэхээр төлөвлөлт хийх нь эрдсэлээс сэргийлнэ.