Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсныг ХЗДХЯ-аас өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Шүүхийг тойргийн зарчмаар байгуулахдаа иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг бодитой болгохыг тусгасан гэж хуулийн төсөл боловсруулагчид мэдэгдэж байсан. Тэгэхээр өнөөдөр иргэний шүүхэд хандах эрхийг баталгаа ямар байдаг, цаашлаад ямар болох ёстой талаар хуульчийн хувьд байр сууриа илэрхийлэхгүй юм?
Шинэ үеийн эрх зүйн хөгжлийн эхлэлийг 1990 оноос эхлэн тооцож болно. Энэ үеээс өнөөдрийг хүртэл Шүүх байгуулах тухай хууль нь 1993, 2013, 2015 онуудад 3 удаа батлагдсан байна. Эдгээр хуулийн хэрэгжилтийн үед 2002 онд Захиргааны хэргийн шүүх байгуулах, 2010 онд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулиуд батлагдсан.
Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 3 үе шаттайгаар Шүүх эрх мэдлийг бэхжүүлэх зорилт тавьсаны хүрээнд нутаг дэвсгэр, ачаалал, хэргийн нөхцөл байдалд тохирсон оновчтой бүтцийг бий болгохын тулд хуулийн төсөл боловсруулах ажилдаа орсон тухай Хууль зүйн яамнаас мэдээллээ.
Гэвч тус хуулийн төсөл одоогоор олон нийтэд нээлттэй хэлэлцэгдэж хараахан эхлээгүй байна, зөвхөн Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын дээд шүүхийн хүрээнд хуулийн төслийн ажлын албаныхан хуулийн төслөө бичээд бэлтгэсэн, цаашдаа журмын дагуу танилцуулагдаж хэлэлцүүлэгдэх юм байна гэж харж байна. Төсөлд хэрхэн тусгагдсаныг удахгүй бид тодорхой харж санал бодлоо тусгацгаах байхаа. Хэдэн шүүх тойргоор яаж зохион байгуулагдаж байгааг хараахан мэдээгүй байна. Төсөлтэй танилцаад эргээд ярилцаж болох юм.
Одоогийн Шүүх байгуулах тухай хуулиар Улсын дээд шүүхээс бусад шүүхийн байршил, дагнасан байдал, шүүхүүдийн тоо хүрэлцээг зохицуулдаг. 2015 оны Шүүх байгуулах тухай хуулиар бид Иргэний эрүүгийн хамтатгасан давж заалдах шатны шүүх 24, Нийслэлийн хэмжээнд 1, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 9, Захиргааны давж заалдах шатны шүүх 1 байдаг бол 9 дүүрэг 21 аймгийн Иргэн болон Эрүүгийн анхан шатны шүүх, Сум дундын 8 шүүх, Захиргааны шүүх нийслэлийн хэмжээнд 1, 21 аймагт тус бүр нэг байна.
Энэ нь хүрэлцээтэй байж чадсан уу?
Энэ нь харьцангуй хүрэлцээтэй боловч Улсын хэмжээнд Захиргааны давж заалдах шатны шүүх 1, бусад алслагдсан аймаг сумдын хувьд харьяа шүүх дээр хүрч очиход хүндрэлтэй, мөн нийслэл хотын хэмжээнд шүүхүүдийн ачаалал хэт их байгаагаас иргэдийн шүүхэд хандах эрхийн хүртээмжид сөргөөр нөлөөлдөг гэж үзэх талтай.
Жишээлбэл, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх явцад иргэний шүүхүүдийн ачаалал өндөртэй байдлаас үүдэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, үл ялиг шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, шүүх хуралдааны танхим хүрэлцээгүй, шүүгийн хурал давхцсан, шүүхийн туслахууд болон шүүгч нарын ажлын ачаалалтай байдлаас болж зохигчид болон шүүхийн ажилтануудын дунд стресс бухимдал үүсэх зэрэг асуудал олон тохиолддог.
Гэвч манай Шүүхүүд аль болох хуулийн дагуу иргэний шүүхэд мэдүүлэх эрхийг хангахын төлөө цаг наргүй ажилладаг. Загасчны морь усгүй гэдэг шиг Хөдөлмөрийн хуульд заасан ажлын цагийн хязгаар, илүү цаг түүнээс авах цалин хөлсийг тоо ёсоор олгох асуудал шүүхийн байгууллагын ажилтануудын хувьд үйлчилдэггүй шахуу байдагт эмзэглэдэг, цаашид иргэний шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэхийн баталгаа шүүхийн ачааллыг зохист хэмжээнд байлгахаас эхлэх ёстой. Үүний тулд шүүхийн ажилтануудын тоог нэмэгдүүлэхээс гадна шүүхийн тоог ихэсгэх, дагнасан байдлаар байгуулах зэргээр ачааллийг буруулж тэнцвэржүүлж болно.
Иргэн, захиргаа, эрүүгийн хэргийн шүүхүүдээс ачаалал өндөртэй нь аль нь вэ. Нөгөө талд нэг шүүхэд хэт төвлөрөл үүсэх нь эрсдэлтэй гэж зарим нь үздэг?
Улсын хэмжээнд хамгийн их ачаалалтай шүүх нь Иргэний шүүх юм. Жилд нэг шүүгчид ногдох иргэний хэргийн ачаалал 200 байх ёстойгоос Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 346, Сүхбаатар 341, Чингэлтэй 363, Баянгол 277, Сонгинохайрхан 353 бол Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 387 хэргээр буюу үндсэн ачааллаас 187 буюу 93.5% иар илүүдсэн ачаалалтай байна.
Мөн дараагийн нэг асуудал нь шүүхэд итгэх итгэл юм. Нээлттэй нийгэм форм ТББ, Оюуны инноваци ТББ-с Монгол улсын шүүхийн индекс 2021 судалгааг хийж дүнг нийтэд танилцуулсан. Судалгааны дүнд 100 онооноос 51.94 гэсэн үнэлгээг хийсэн. Энэ нь шүүхэд итгэх итгэл хангалттай хэмжээнд биш болохыг илтгэнэ.
Шүүх байгуулах тухай хууль буюу түүний тоо, байршлыг өөрчлөх замаар шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлж болох дараагийн нэг шийдэл нь шүүх эрх мэдлийн төвлөрлийг судалж, шаардлагтай бол төвлөрлийг сууруулах асуудал.
Дээр дурдсанчлан Улсын хэмжээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 1 байна, бүх аймгийн болон 9 дүүргийн захиргааны маргаан тухайн шүүхэд шийдвэрлэгдэж байгаа ба Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шүүх хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг, анхан шатны шүүхийн шийдэлд өөрчлөлт оруулах боломжтой болсон бөгөөд Улсын дээд шүүх тэр бүр бүх Захиргааны давж заалдах шатны шүүхийн хэргийг хянахгүй болсон, тодруулбал нийт гомдлын 90 гаран хувийг хяналтын журмаар харьяалан шийдвэрлэхгүй болсон. Тэгвэл улсын хэмжээнд нэг Захиргааны давж заалдах шатны шүүхтэй байгаа нь шүүх эрх мэдлийн төвлөрлийг үүсгэж байгаа юм. Онолын хувьд эрх мэдлийн хэт төвлөрлийг саармагжуулах ёстой гэж үздэг. Тиймээс хөндлөнгийн судалгааны байгуулага болон хуульч судлаачид маань захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн асуудлыг судлах шаардлагатай гэвэл эрх мэдлийн төвлөрлийг сааруулах санаачлагыг гаргаж болох юм.
Нийслэлд 1.5 сая орчим хүн байна. Түүнийгээ дагаад захиргааны маргаан төдий чинээ олон, гэтэл ганцхан захиргааны хэргийн шүүхтэй байна, хэдийгээр хэргийн ачаалал бага ч гэсэн эрх мэдлийн төвлөрөл нийслэл дэх захиргааны хэргийн шүүх дээр мөн үүссэн байх боломжтой.
Шүүгчийн ачааллыг тэнцвэржүүлэх заалт хуулийн төсөлд тусгагдсан. Мэдээж өнөөдрийн нөхцөл байдал маш ачаалалтай байдгийг судалгаа харуулдаг. Үүнийг тойргийн зарчмаар шийдвэрлэх боломжтой юж?
Шүүхээс өөрсдийн боломжийн хэмжээнд шүүгчийн туслахуудын тоог нэмэгдүүлэх, ачааллыг буруулах арга хэрэгжүүлж байгаа ажиглагддаг. Гэвч өнөөх л шүүхийн байр танхим хүрэлцээгүй, цалин хөлс хангалтгүй байгаагаас шүүгчийн туслахаар ажиллах сонирхолгүй байх хүндрэл байсаар байна. Хамгийн харамсалтай нь эдгээр ачаалал, хөдөлмөрийн үнэлэмж сул байгаа асуудлаас болж шилдэг хуульчид шүүгч болох сонирхолгүй байгаад байна.
Хууль зүйн сайдын танилцуулсанаар “шүүхийг заавал засаг захиргааны нэгжээр бус тойргийн зарчмаар байгуулж, даганасан байдлаар байгуулж ачааллыг буруулна” гэсэнийг сонсоод талархан хүлээж сууна. Ямар ч байсан шүүхийг ачаалал төвлөрөл, алслагдсан байдлыг харгалзан тойргийн зарчмаар байгуулахаар болсон юм байна гэж ойлгосон. Урьд нь манай улс тойргийн шүүхүүдтэй байсан, засаг захиргааны нэршилд баригдна гэхээсээ илүү бүсчлэлээр эдийн засгийн ачаалал онцлогоор тойрогийн зохион байгуулалттай байх цаашдаа дагнасан байдлаар шүүхийг байгуулах нь зүйтэй гэж олон хуульчид санал нэгддэг.
Шүүгчид мэргэших асуудлыг хуульчлахаар болж байгаа юм байна. Хуульчид, шүүгчдийн мэргэшсэн байдал, ур чадварын асуудлын асуудал маш хангалтгүй байгаа талаар хэлдэг. Шүүгчийн шалгалтанд тэнцэх хуульч байдаггүй гэх нь бий тэгэхээр асуудлыг ямар гарц байу болох вэ?
Хуульч бүр судлаач байх, хуульч өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн тодорхой үеийн дараа 3-5 дах жилээс дагнан хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байх нь иргэдийн хууль зүйн асуудлыг бодитой үр дүнтэй шийдвэрлэхэд ихээхэн нөлөөтэй. Өмгөөлөгчид, хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, шүүгч нь тухайн асуудлаар дагнасан байх нь хэргийг шударга, үр дүнтэй шийдвэрлэх зөв гарц байж мэдэх юм. Манай Хууль зүйн үйлчилгээний төв хуульчдаа дагнан сургах, чадавхижуулах, хэрэг маргаанд дагнан ажиллахад анхаарч ажилладаг. Хэдийгээр монголын зах зээл жижиг тэр бүр дагнах боломжгүй гэж ярьдаг ч бүх талын чанартай мэдлэгтэй байна гэдэг боломжгүй, хууль зүйн маргаан гэдэг хүний амьдралд төдийлөн элбэг тохиолдоод байдаггүй, бас амин чухал шинжтэй байдаг тул хөнгөн мэдлэгээр хандах боломжгүй юм. Бүх талаараа хүчтэй нь бүх талаараа сулын шинж гэдэг. Тиймээс зах зээл хөгжихийн хэрээр хууль зүйн салбар яваандаа дагнах чиг хандлага аяндаа тогтно.
Шүүхэд итгэх олон нийтийн итгэл гэдэг том агуулага яригддаг. Мөнөйд энэ итгэл суларсан гэж үзэх нь ч бий. Тиймээс үүнийг нэмэгдүүлэх, баталгаажуулах асуудлыг яаж зохицуулах ёстой вэ?
Шүүхэд иргэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд хүн бүр хичээх хэрэгтэй гэж боддог, энэ нь дан ганц хуульчдын хийх ажил биш, эцсийн дүнд хувь иргэн бүрийн цаашлаад улсын үндэс тусгаар тогтнолын асуудал байдаг. Өмгөөлөгчийн хувьд өөрийн туслалцаа үзүүлж буй хэрэг маргааны үед шүүх үйлчлүүлэгч хоёрын гүүр болж шүүхэд итгэх итгэлийн тавих анхны цэг болж ажиллах ёстой гэж үздэг. Үйлчлүүлэгчдээ хуулийг ойлгомжтой тайлбарлан, гаргалгааг олох, үйлчлүүлэгчийн эрх ашгийг тууштай хамгаалан, бүхий л шударга арга хэрэгсэлээр түүнд туслалцаа үзүүлэх маань шүүхэд итгэх итгэлийг төрүүлдэг анхны алхам. Цаашлаад шүүгчийн туслах, түүний харилцаа хандлага, шүүх хуралдааны танхим зэрэг нь шүүхэд итгэх итгэлийн нэг хэсэг. Хамгийн чухал нь шүүгчийн шийдвэр юм, шүүгч шийдвэрээрээ хэргийн үнэн мөнийг сайхан тайлбарлаад, гарцаагүй шударга шийдэл гаргахад хэн хүнгүй ойлгож хүндэлж хүлээн зөвшөөрнө шүүдэ. Сайхан шийдсэн хэргүүд зөндөө байдаг, уран гоё шийдэлтэй хэргүүд олон тохиолдно. Хэдийгээр нэг тал гомдолтой үлддэг ч байж болох хамгийн зөв шийдэл гэдгийг хэн аль нь ухамсарлан үлдэх тэр мөчид шүүхэд итгэх итгэл бий болж байдаг.