Жолооч гарц ойролцоо үед хэдэн км.цагийн хурдтай явах, согтуу байсан бол ямар хариуцлага тооцох, хурд хэтрүүлсэн бол ямар хуулиар зохицуулахыг “Legal service center”-ийн хуульч, өмгөөлөгч Б.Жигмэддоржоос тодрууллаа.
-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр 115 км.цагийн хурдтай явсан тохиолдолд дүрэм зөрчсөнд тооцох уу. Үүнд ямар хариуцлага тооцох вэ?
-Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтоох зорилготой замын хөдөлгөөний дүрэм батлагдан гарсан байдаг.
Мөн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг хууль тогтоомжуудаар замын хөдөлгөөнийг зохицуулж байна. Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж маш тодорхой зааж өгсөн байгаа. Мөн “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг … дагаж мөрдөнө.” “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж зааж өгсөн байдаг. Тэгэхээр 115 км/цагийн хурдтай явсан бол хурд хэтрүүлсэн байна. Энэ тохиолдолд гаргасан зөрчил, хор уршгаас нь шалтгаалж Эрүүгийн хууль эсвэл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
-Согтуугаар жолоо барьж яваад зам тээврийн осол гаргавал хүндрүүлэх нөхцөл болох уу?
-Хэн ч зам тээврийн ослыг санаатайгаар үйлддэггүй, санамсар болгоомжгүйгээр үйлддэг. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргавал гэм буруугийн холимог хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж буй үйлдэлдээ санаатай, энэ гэмт хэргийн улмаас учруулж буй хохирол, хор уршигт болгоомжгүй юм. Тиймээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хүндрүүлж зүйлчилнэ. Үүнийг Монгол Улс Эрүүгийн хуульдаа тухайлан зохицуулж өгсөн байгаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 27.10.3. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасч нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
27.10.4.1-т зааснаар дээрх гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байна.
-Гарцаар гарч явсан хүүхдийн амь насыг хохироосон. Үүнд ямар хуулийн зүйл заалтаар хариуцлага тооцох вэ?
-Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний гарц хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.”, “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасч байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож…” гэх мэт байдлаар жолоочийг үүрэгжүүлсэн байдаг. Үүнийг зөрчиж зам тээврийн осол гаргаж хүний амь нас эрсэдсэн бол дээр хэлсэнчлэн Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ.
-Дахин нэг хүүхэд гэмтсэн байгаа. Энэ нь дахин хүндрүүлэх нөхцөл мөн үү?
-Хоёр дахь хүүхэд нь хүнд гэмтсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүндээ багтана.
-Сургуулийн орчинд жолооч ямар дүрэм баримтлан хөдөлгөөнд оролцох ёстой вэ?
-Боловсролын ерөнхий хуульд “Боловсролын сургалтын байгууллага нь болзошгүй эрсдэл, гамшгаас хамгаалах аюулгүй байдлыг хангасан, суралцагчийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлсэн орчин бүрдүүлсэн байна” гэж үүрэгжүүлсэн байдаг. Сургуулийн орчинд замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэлийг стандартын дагуу байршуулах ёстой. Үүнийг тухайн орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллага, сургууль хийж гүйцэтгэх үүрэгтэй. Жолооч тухайн тэмдэг, тэмдэглэлийг мөрдөж хөдөлгөөнд оролцоно.
-Одоогийн хууль болон замын хөдөлгөөний дүрэмд согтуу жолоочид оногдуулах хариуцлага нь ямар байгаа вэ?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25.2-т зааснаар Эрүүгийн хууль эсвэл зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Ингэхдээ тухайн хүний гаргасан хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар зэргээс харгалзаж үзнэ. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1. “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг. Харин дээр дурдсанчлан гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ. Жишээлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасч зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин хүний амь нас хохирсон бол дээр дурдсан байдлаар хариуцлага хүлээнэ.
Эх сурвалж : Өдрийн сонин
Холбоос: https://dnn.mn/news/tsyeg-os-l-gargasan-j-l-ch-emegtei-bish-eregtei-s-gtuu-bish-eruul-baisan-dnn-mn?fbclid=IwAR0dT36EzeRRWXsoyjjLHWmsTdH-6hV0tceQb-QzU53lpz13S0Xc7ykNIgg