-Шүүх шинжилгээний тухай шинэчилсэн найруулга өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд орсон нэг шинэ өөрчлөлт нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан явдал. Энэ талаар дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу. Ямар зорилго, үзэл баримтлалтай аргачлал юм бол оо?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14 зүйлд бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах, түүнийг төлүүлэх хүний үндсэн эрхийг тунхагласан байдаг. Үүнтэй холбоотойгоор Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд сэтгэл санааны хохирол арилгахтай холбоотой зохицуулалтууд нь 2023 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн.
Энэ бол манай улсын хүний эрхийг хамгаалах тогтолцоо нэг шат өөдөө алхсан явдал болсон юм.
Хүний хамгийн эрхэм үнэт зүйл болох сэтгэл, мэдрэмж, итгэл үнэмшил, сэтгэц оюун ухааныг гэмтээж бэртээхэд түүнийг үнэлэхгүй, учирсан хохирлыг барагдуулахгүй байх нь хүний үндсэн эрхэд халдаж байгаа, түүнийг сэргээн тогтоохгүй байгаа явдал юм.
Машин мөргөлдөхөд автомашинд учирсан гэмтлүүдийг оношлоод, үнэлээд хохирлыг нь нэхэмжилж болдог. Харин хүн гэмтсэн тохиолдолд бэртэл өвчлөлийг оношилж эмчилгээнд шаардлагатай эм тариа хагалгааны зардлыг гаргуулдаг боловч тухайн өвчтөний бие махбодид нүүрлээд байгаа зовуурь өвдөлт, үүнээс үүдэн сэтгэл санаа шаналгаатай байгааг үнэлж хохирлыг барагдуулахад хүндрэлтэй байсан. Зодооны хэргийн улмаас хүний нүд хөхөрсөн үед л гэхэд хүний нүүр харахад хэцүү, ажилдаа явж чадахгүй хэрэндээ л зовж хэдэн долоо хоногийг өнгөрөөдөг. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл тогтсон хууль, дүрэм журмын хэм хэмжээ байхгүйгээр шүүхийн практикт энэ төрлийн хохирлыг нэхэмжлэхэд хүндрэлтэй байсан.
Монгол Улсын хууль тогтоомжид учирсан хохирлыг төлүүлэхээр зохицуулалтууд урьд нь байгаагүй биш байсан. Иргэний хууль, Эрүүгийн хууль, Захиргааны хууль болон процессын хуулиудаар эд хөрөнгө, эдийн бус эд хөрөнгөд учирсан хохирол шаардах нэхэмжлэх бүрэн боломжтой.
Харин сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учруулсан хохирлыг барагдуулах гэсэн ойлголт саяныг хүртэл хуульд шууд заагаагүй, хэрхэн тооцож барагдуулахыг хуульчлаагүй явж ирсэн. Өмгөөлөгчдийн ур чадвар, талуудын мэтгэлцээний хүрээнээс шалтгаалж зарим тохиолдолд сэтгэл санааны хохирлыг барагдуулахаар шийдвэр гаргаж байсан тохиолдолд олон, гэвч нийтлэг биш. Жишээ нь ХЭҮК 2002 оноос хойш иргэдийн төлөөлөн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн 33 нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, шүүхийн цахим санд судалгаа хийхэд нэлээд хэдэн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн, түүнийг тодорхой хэмжээнд хангуулсан байдаг.
Харин одоо Шүүх шинжилгээний хуулийн хүрээнд сэтгэцэд учирсан хохирол, хүрээлэн байгаа байгаль орчинд учирсан хохирлыг, Улсын дээд шүүхийн 2023 оны долдугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын I хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” гэсэн журмуудыг баримтлан тогтоож, барагдуулж байна. Мөн эдгээр жишиг аргаас гадна Олон улсын үнэлгээний стандарт, аргачлалууд ач холбогдолтой хэвээрээ байгааг хэлэх нь зүйтэй.
-Аргачлалыг яаж тогтоож байна вэ. Үүнд ямар гэмт хэргүүд хамаарах вэ?
-2022 онд батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн хүрээнд Эрүүгийн хуульд заасан зургаан бүлгийн 84 зүйл гэмт хэрэгт сэтгэл санааны буюу сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх боломжтой байхаар хуульчилсан. Жишээ нь, хүн амины, хүний эрүүл мэндийн эсрэг, хүний бэлгийн эрх чөлөөний эсрэг, хүний халдашгүй чөлөөтэй байхын эсрэг, ялгаварлан гадуурхлын эсрэг, хүүхдийн эсрэг гэмт хэргүүд бүхэлдээ мөн сонгуулийн үеийн худал мэдээлэл тараах хэргүүд, хулгай, дээрэм, залилан, байгаль орчин бохирдуулах, зам тээврийн хэрэг, эрүү шүүлт тулгах гэсэн төрлүүд хамаарч байгаа.
Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйл гэм хорын хохирол нэхэмжлэх түүний хэмжээг тооцох талаар шинэ зохицуулалт орсон. Иргэний алдар хүнд, нэр төрд халдсан худал мэдээлэл тараасан, дүрсийн эрхийг зөрчсөн зөрчилд эдийн бус хохирол буюу сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэн төлүүлэх боломжтой.
Ингээд хохирлыг тооцох жишиг аргачлал батлагдсан. Таван зэрэглэлээр сэтгэцэд учирсан хохирлыг тооцож авдаг болсон. Энэ нь одоогийн хөдөлмөрийн доод үнэлгээтэй уялдуулаад 2.782 сая төгрөг хүртэл байна. Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний хэмжээ нэмэгдэнэ. Тэгвэл энэ хэмжээ дагаад нэмэгдэнэ гэсэн үг. Таван зэрэглэлийг тогтоохдоо гэмтлээс үүдэлтэй үлдэц, танин мэдэхүй, нийгмийн харилцаа, төрх үйл, сэтгэл хөдлөл, биеийн хөдөлгөөн зэрэг шалгуур үзүүлэлтээр тухайн хүний сэтгэц санааны байдлыг үнэлээд шинжээч зэрэглэл тогтоож байна.
-Хохирлыг хэн тооцох вэ. Хохирогч, холбогдогч болсон хүн бүр энэ өөрчлөлтийг мэдэхгүй байгаа. Тэдэнд хэн нэгэн энэ хуулийн талаар сануулж тодруулж хэлж өгөх ёстой юу. Эсвэл шууд мөрдөн байцаалтын явцад бодогдоод явах уу?
-Хохирлыг тооцон олгох шийдвэрийг шүүх гаргаж байна. Гэхдээ хохирол учруулсан хүн хохирлоо хүлээн зөвшөөрвөл заавал шүүхийн шийдвэрээр хохирол төлөх албагүй.
2023 оны долдугаар сараас хойш үйлдэгдсэн дээрх 84 төрлийн гэмт хэрэгт сэтгэцэд учруулсан хохирлыг тооцон авахад асуудал алга. Мөрдөн байцаалтын явцад мөрдөгч санаачилгаараа, түүнд хохирогч хүсэлт гаргаад, прокурор санаачилгаараа, мөн шинжээч томилуулан хохирлын тооцоог гарган нэхэмжлэх, шүүх нөхцөл байдлыг дүгнэн тодорхой үнийн дүнгээр хангах боломжтой, шүүхийн шийдвэрүүд эхнээсээ гараад л явж байна.
Ер нь хохирлыг яаж тооцох вэ, хэдэн төрлийн хохирол байх боломжтой талаар жишээ дурдъя л даа. Шүүх тухайн тохиолдол бүрд хэрэгт цугларсан баримтыг үндэслэн ялгаатай дүнгээр шийдвэрлэх боломжтойг анхаараарай. Жишээ нь, авто ослын улмаас эрүүл мэнд хохирсон бол дараах байдлаар хохирол нэхэмжлэх боломжтой. Эмчилгээний зардал (эм тариа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал), урт хугацааны асаргаа шаардсан бол асаргааны зардал буюу асран хамгаалах хүний хөлс, ажил хаалтын зардал болон ирээдүйд алдагдсан орлого, эрүүл мэнд хохирсны улмаас үүсэх сэтгэл санааны хохирол, хуулийн туслалцаа өмгөөлөгчийн зардал орно.
Түүнээс гадна хүний амь нас хохирсон гэмт хэргийн улмаас ар гэрийнхэнд нь дараах байдлаар хохирол төлбөр гаргуулах боломжтой. Хохирогч 23 настай гэж тооцъё. Үүнд, оршуулгын зардал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хохирол буюу 82.5 сая эсвэл хохирогчийн насыг хүн амын дундаж наслалттай жишээд зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 129 сая гэж тооцож болох бөгөөд аль ашигтайгаар нь шүүх тогтооно.
Хэрэв тус гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхэд байгаа бол хохирлын хэмжээг хоёр дахин үржүүлж тооцно. Олох байсан орлого (түүний асрамжид байсан хүүхэд, гэр бүлийнхэн нь тэтгэвэрт гаргах нас, нас барсан насны зүрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ эсвэл дундаж цалинд нь үржүүлээд олох боломжой байсан орлогыг нэхэмжилж болох юм), хуулийн зардал гэх мэт орно.
Харин 2023 оны долдугаар сараас өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэхэд хууль зүйн хувьд маргаан гарч байгаа. Иргэний хуулийг хуульд зааснаа бусад тохиолдолд буцаан хэрэглэхгүй гэсэн заалт байгаа. Шүүх шинжилгээний тухай хуульд хэрхэн буцаан хэрэглэхтэй холбоотой яаж хэрэглэх талаар заалт байхгүй тул өмнө үйлдэгдсэн хэрэгт хохирлыг жишигээр тогтооход хүндрэлтэй байгаа. Гэхдээ долдугаар сараас өмнөх хүний амь, эрүүл мэнд, сэтгэл санаа үнэгүй, түүнээс хойш нь үнэтэй гэсэн үг биш ээ, холбогдох үндэслэл бүхий баримтыг цуглуулан шүүхээс нэхэмжлэх боломжтой гэдгийг санаарай.
-Магадгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээс улбаалаад сэтгэл санаа хохирсон гэж энэ хуулиар нэхэмжлэл гаргах уу?
-Тэгэх боломжтой. Иргэний хуулийн 21.4, 21.5, 21.6 дугаар зүйлд хүний нууцад хамаарах мэдээллийг зөвшөөрөлгүй тараасан, кино дүрс бичлэг, хальс зурагт зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн олон нийтэд үзүүлсэнээс гэм хор учирсан гэж үзвэл шүүхээр эдийн бус хохирлыг нэхэмжилж болохоор заасан. Шинжилгээ хийлгүүлж зэрэглэл тогтоолгохоор шинжээчид хандах, шүүхийн журмаар шинжээч томилуулаад хохирлоо нэхэмжлэх боломжтой. Худал мэдээлэл тараах гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 13.14-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах боломжтой байна.
Холбоос
https://dnn.mn/news/281727?fbclid=IwAR0xCXxnJ7Iwz9aQWWdWWW0V30w46jciU3_HAugT_4JoR3Q1OVGbYO2iFKg