Орон сууцны зориулалттай барилгын хувьд хэд хэдэн этгээдийн өмч хөрөнгө холилдсон байдагаараа өмчлөх эрхийн төрлүүд дундаас илүү онцлог юм. Өөрөөр хэлбэл өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхээ эдлэхдээ ашиглаж буй нийтийн эзэмшлийн хэсгийг хуулиар хэрхэн яаж тодорхойлдог вэ. Иргэд заримдаа ямар төрлийн зардлыг оршин суугч төлж ямар төрлийн зардлыг гүйцэтгэгч компани хариуцах талаар нилээдгүй хууль эрх зүйн зөвлөгөө авахаар боллоо. Манай улсын Иргэний хуулийн 142.2.Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна хэмээн тодорхойлон заасан.
Үүнээс үүдэн тухайн дундын өмчлөлийн хөрөнгийн байнгын ашшиглалтын зардлыг хэрхэн хувиарлах вэ хэн төлөх вэ гэх асуудал урган гарна. Монгол Улсын Иргэний хуулийн 147.2-т зааснаар Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана. Өөрөөр хэлбэл дээрх зардалтай холбогдон гарах зардлыг нийт оршин суугчийн хаалганы тоонд хуваан зардлыг тодорхойлно. Харин Иргэний хуулийн 147.3-т зааснаар Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргахаар зохицуулсан байна.
Иймд иргэд өөрийн оршин суугаа орон сууцны төлбөрийн задаргааг хэрхэн яаж тооцоолсон болохтой танилцан өөрийн зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалаарай.