Өмгөөлөгч Г.Цолмонгэрэлтэй

Өдрийн сонин

Сэтгүүлч БААСАНЖАВЫН ЭНХЗАЯА

2024 оны 5 сарын 16-ны өдрийн ярилцлага

Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярихаас өмнө хүүхэд хамгааллын орчин нөхцөл ямар байгааг тодруулах ёстой. Хууль зүйн талаас та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд гэр бүлдээ, боловсролын салбарт, эрүүл мэндийн үйлчилгээний хүрээнд, хэвлэл мэдээлэл, цахим орчинд, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээнд, соёл спортын үйл ажиллагааны үед хүүхдийг хамгаалах ёстойг хуульчилсан.

Харин Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, эрхээ хамгаалуулах, нийгмийн амьдралын оролцоог хангах, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх шаардлагын үүднээс эцэг эхчүүдэд онцгойлон үүрэг ногдуулсан байдаг. Эцэг эх хүүхдээ аз жаргалтай хайр халамжтай орчныг бүрдүүлэх, хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлтэй нөхцөлөөс сэргийлэх, сургах, авьяас чадварыг хөгжүүлэх, боловсрол эзэмшүүлэх, хүндэтгэн сонсох, наад захын хэрэгцээт зүйлсээр хангах, төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зэрэг үүрэгтэй. Төр засаг хамгаалах механизм, хөгжүүлэх, төлөвшүүлэх орчин нөхцөлөөр хангаж ажилладаг.

Гэтэл бодит байдал дээр эцэг эхчүүд хүүхдийг хамгаалах үүргээ, төр засаг хамгаалах тогтолцоогоор бүрэн хангах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлдэггүй болохыг наад зах нь хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа байдлыг хараад мэдэж болно. Эмнэлэг маш их ачаалалтай, оргүй, коридорт хэвтэж байгаа нь эрүүл мэндийн үйлчилгээ, эмнэлгийн хүрэлцээ муу, чанаргүй байдал нь Эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо хангалтгүйг илтгэнэ. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүддээ маш их цагаар гар утас үзүүлж, мөн өөрсдөө тасралтгүй утсаа үзэх, чихэр, давс, нөөшлөгч ихээр агуулсан амттанаар хооллож, эрхлүүлж байгаа эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй, эрүүл мэндэд нь анхаарахгүй байгааг илтгэнэ.

-Түүнээс гадна гэр бүл цуцлалт манай улсад өндөр хувьтай байдаг. Үүнд хүүхэд хохирч үлддэг

-Гэр бүл цуцлахад хүүхдийн эрх зайлшгүй хөндөгддөг бөгөөд хүүхдийн гэр бүлтэй байх хайр халамж анхаарал авах эрхүүд хэдийнэ сэргэхгүй зөрчигдөж эхэлнэ. Гэр бүл цуцлах гэдэг бол цаасан дээр байгаа улсын бүртгэлийг цуцлах асуудал бөгөөд насанд хүрээгүй хүүхэдтэй, өмчийн маргаантай тохиолдолд л шүүхийн журмаар цуцалдаг. Шүүхээр орсон ч бай ороогүй ч бай, ер нь гэрлэлт бүртгүүлээгүй ч тохиолдол олон. Гол нь цаана байгаа гэр бүлийн харилцаанд сэв суугаад, эцэг эх тусдаа амьдрах болсон. Эсвэл хоорондоо таарч тохирохгүй хөндий болсныг гэр бүл цуцалсантай адилтган үзэж болно.

Гэр бүлийн тухай хуулиар долоон нас хүрсэн бол эцэг эхийн хэнтэй нь амьдрах хүсэлтэйг шүүх асуудаг. Энэ нь хүүхдүүдэд их эмзэг тусдаг зүйлсийн нэг. Энэ ярилцлагад орохдоо хүүхдүүдэд сэтгэл зүйн гэмтэл, бэрхшээл, таагүй байдал үүсдэг. Хэнтэй нь амьдрахыг сонгох асуудлаар эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүдэд дарамт учруулж, шахах, ятгах, айлгах нь элбэг. Нөгөө талаар хүчирхийлэлд өртсөн гэр бүлүүд олон байна. Мөн гэр бүл цуцлуулахаар хандаж байгаа иргэд бараг бүгд сэтгэл зүйн дарамт, гутралд орсон байдаг. Энэ хортой орчин гэр бүлийг бүхэлд нь, тэр дундаа бяцхан хүүхдүүдийн сэтгэл зүйд хар толбо үлдээдэг нь харамсалтай. Гэрлэлт цуцлагдсан ч хүүхэд эцэг эхтэйгээ дуртай цагтаа уулзах эрхтэй. Энэ эрхийг ямар нэг зохисгүй байдлаар хязгаарлахыг хориглодог. Иймд анх гэр бүл болохдоо хариуцлагаа ухамсарлах, амьдралд тулгарах асуудлыг эергээр сэтгэлийн тэнхээтэй давж туулах, хүчирхийллээс ангид байх нь өнөөгийн бидний тулгамдсан асуудал болоод байна. Өөрөө төлөвшөөгүй, зан байдлаа удирдан жолоодох чадваргүй, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх чадваргүй байгаа бол гэр бүл зохиохгүй байх нь зүйтэй.

-Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн нэгдүгээр сард баталсан. Шинэчилсэн найруулгад хүүхэд хамгааллын тогтолцоог нэлээд чамбайруулахыг зорьсон гэж хуулийн төсөл санаачлагчдын зүгээс тайлбарлаж байгаа. Та сая хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд тулгамдаж байгаа асуудлыг дурдлаа. Хуулийн шинэчилсэн найруулгаар энэ асуудлыг хэрхэн тусгаж чадсан гэж та үзэж байна вэ?

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Хүүхэд хамгааллын шинэчилсэн найруулга ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байна. Шинэчилсэн хуулиар хэд хэдэн сайжруулалт орсныг онцолъё. Тодруулбал, ажил олгогч хуулийн этгээдийг хүүхэд хамгааллын тогтолцооны нэг хэсэг болгох алхам хийж өөрийн ажилтнуудын болон үйлчлүүлэгчийн хүүхдүүдэд зориулсан хүүхэд хамгааллын бодлого баталж хэрэгжүүлэхийг үүрэгжүүлсэн. Хүүхэд гэр бүлийн асуудлыг хариуцсан төв, орон нутгийн, чиг үүргийн байгууллагуудын уялдааг сайжруулах, Засгийн газрын гишүүн бүр эрхлэх асуудлын хүрээнд салбарын хүүхэд хамгааллын үйлчилгээ, төрийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгуулах арга хэмжээ авах, хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтны мэргэшил ур чадварт тодорхой шалгуур тавьдаг болсон ба эрх үүргийг тодорхой зааж өгсөн.

Мөн хүүхдийн эрхийн хорооны чиг үүргийг тодорхой болгосон, тодруулбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хүүхдүүдтэй хэрхэн харьцах, хорих ял эдэлж байгаа хүүхдүүдийн эрхийн талаар анхаарах, өсвөр насны сэжигтэн яллагдагчаас тайлбар мэдүүлэг авах ажиллагааг цагдаагийн хэлтэс дээр биш байгаа газар нь зохион байгуулах, батлан даах, гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд зөвлөн тусалж ажиллах, хүүхэд хамгааллын мэдээллийн санг сайжруулах, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж авах эрхийг хүүхдийн эрхийн тухай сургалттай холбосон. Хүүхдийн дэргэд архидах, архидан согтуурсан үедээ хүүхдийн амьдарч сурч байгаа газар нэвтрэхийг эрсдэлт нөхцөл байдалд хамааруулах, эцэг эх өөрийн хүүхдийн нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу дүрсний бичвэрийг дамжуулах, цахим орчинд байршуулахыг хориглох, асралт гэр бүл буюу гэр бүлийн бус гишүүд хүүхэд асрамжлахтай холбоотой ойлголтыг нэмсэн.

-Сүүлийн үед хүүхдийн хүмүүжлийн асуудал нэлээд хурцаар тавигдаж байгаа. Энэ асуудалд эцэг эхийн оролцоог хангах тал дээр шинэчилсэн агуулгууд орж ирсэн гэв үү?

-Тийм. Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга барилд багш, эцэг эх асран хамгаалагчдыг сургахыг тусгасан. Мөн үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс хамгаалах, тохиолдлыг бүртгэн хүлээн авах, хохирогч хүүхдүүдтэй ажиллах хамгаалах, сургалтын байгууллагын хүрээнд шашны байгууллагын с ургалтын нэгжийг хамруулах, хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах талаар олон тооны зохицуулалтууд орсон. Түүнээс гадна гамшиг, онцгой нөхцөл байдалд хүүхэд хамгааллыг хэрхэн явуулах талаар орхигдуулсан байсныг шинээр хуульчилсан. Хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаанд оролцож байгаа тодруулбал, гэрлэлт цулалт, эрүү, зөрчлийн ажиллагаанд оролцож байгаа хүүхэдтэй хэрхэн зүй зохистой харилцах зэрэг тус тус тодорхой тусгаж өгсөн нь хүүхэд хамгааллын тогтолцоонд дорвитой эерэг нөлөөлөл авчрах байх гэсэн хүлээлттэй байна.

-Эцэг эх хүүхдийнхээ эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу, дүрсний бичлэг, гэрэл зургийг зөвшөөрөлгүй бусдад дамжуулахыг энэ хуулиар хориглож байгаа юм байна. Энэ төрлийн зөрчилтэй холбоотой нөхцөл байдлыг хуульч хүний хувьд та хамгийн сайн мэднэ. Жишээ нь, сүүлд бага насны гурван хүү автобусаны суудлын бүрээсийг урсны төлөө сошиалд зургийг нь тавьж байгаад маш их шүүмжилсэн. Энд хүүхдийн эрх зөрчигдсөн асуудал гарсныг хуульчид онцолж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төрлийн зөрчил хүүхдэд ямар хүндрэл бэрхшээлийг бий болгодог талаар дурдаач?

-Эцэг эхчүүд муудалцаад хүүхдүүдийнхээ эсрэг хэн нэгнийхээ хийсэн хүчирхийллийн талаарх видеог олон нийтэд ил болгосон жишээг бид мэднэ. Гараж дээрх хүүхдүүдийн бичлэг, мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн нэр, зургийг санаатай, эсвэл болгоомжгүй байдлаар ил нийтлэх гэх мэт зөрчлүүд гардаг. Энэ нь тухайн хүүхдүүдийн дүрсний эрхийг зөрчихөөс гадна дээрэлхэлт, гадуурхалтыг дагуулдаг.

Хүүхдийн хувийн орон зайд ийм байдлаар халдсанаас болж бусдаас ичих, санаа зовох зэрэг сэтгэл зүйн хямралд хүргэдэг. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай шинэ хуульд тухайн төрлийн бичлэгийг тараах түгээхийг хориглохдоо зөвхөн эцэг эхийг үүрэгжүүлсэн. Гэтэл энэ заалтыг зөрчвөл хариуцлага хүлээлгэх заалт Зөрчлийн тухай хуульд байхгүй байгаа нь учир дутагдалтай. Хүүхдийн зохисгүй байдалтай байгаа, эсвэл гэмтсэн, хүчирхийлэлд өртсөн талаар мэдээ, дүрс бичлэгийг хөндлөнгийн этгээд түгээх, нийтлэх боломжтой. Энэ тохиолдолд хэрхэх талаар төдийлөн тодорхой зохицуулалтгүй, санкцигүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.22-ын 3 дахь хэсэг “эзнийх нь зөвшөөрөлгүй бичлэг задруулах”-т зааснаар шийдвэрлэх боломжтой эсэх нь эргэлзээтэй, өөрийн хүүхдийн зөвшөөрөлгүйгээр бичлэг зургийг нийтэлсэн бол хохирогч хүүхдийг төлөөлөн гомдол гаргах этгээд нь эцэг эх өөрөө байдаг, мөн “сурталчилгааны зориулалтаар эцэг эхийн зөвшөөрөлгүй хүүхдийн бичлэг дүрс ашиглах” тохиолдолд 6.20-ын 3.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжгүй юм.

-Хэрэг хянан шийдвэрлэх явцад хүүхдээс тайлбар, мэдүүлэг, санал авах, биед нь үзлэг нэгжлэг хийх ажиллагааг нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохирсон тусгай өрөөнд гүйцэтгэнэ. Мөн заавал хууль ёсны төлөөлөгчийг хамт байлцуулна гэж заажээ. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-Насанд хүрээгүй гэрч, хохирогч, зарим тохиолдолд сэжигтэн хүүхдээс мэдүүлэг авахдаа стандарт өрөөнд, стандарт асуулт асуугаад, цагдаагийн жирийн алба хаагч мэдүүлэг тайлбар авахад хүүхдүүд ихэвчлэн сүрдэж айдаг. Айж сандарснаасаа болж үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байх магадлал өндөр. Хүүхэд бие даан эрх зүйн харилцаанд оролцох нас 16,18 наснаас эхэлдэг бөгөөд 18 насанд хүрээгүй иргэнээс мэдүүлэг авахад эцэг эх, асран хамгаалагч, нийгмийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчдийг байлцуулдаг нь тэднийг мэдүүлэг өгөхийг зөвшөөрөх эсэх, мөн ямар асуудалд холбогдуулан мэдээлэл авч байгаа эсэхийг эцэг эх, багш, ажилтнаар хянуулах зорилготой.

-Хүүхдийг үл хайхрах хүчирхийллийг зогсоох талаар хуульд тусгаж өгсөн. Жишээ нь, хүүхдийн дэргэд архидан согтуурах, архи уусан үедээ хүүхдийн байгаа газарт орохыг хориглосон гэж байгаа. Энэ төрлийн зөрчил бол манайд маш элбэг байдаг шүү дээ. Энэ талаар дэлгэрүүлж өгнө үү?

-Хүүхдийн хажууд архидан согтуурахыг 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 6.20-ын 7 дахь хэсэгт хориглосон. Түүнд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байсан. Шинэ Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн дэргэд согтуурахаас гадна, согтуурсан үедээ хүүхдийн байгаа газар нэвтрэхийг түүнд эрсдэл учруулж байна гэж үзэхээр хуульчилсан. Гэхдээ шууд хариуцлага ногдуулах талаар Зөрчлийн хуульд нэмэлт оруулсан зүйлгүй байна. Үл хайхрах хүчирхийлэл нь завгүй эцэг эхчүүдэд болон хүчирхийлэл бүхий гэр бүл, мөн хүүхэд асаргааны талаар боловсрол дутмаг эцэг эхчүүдэд ажиглагддаг түгээмэл хэлбэр. Согтуурахаас гадна хүүхдийн хажууд тамхидах, хэрүүл зодоон үүсгэх гэх мэт зөрчлүүд мөн л хүчирхийлэлд тооцогдно. Тамхины хяналтын хууль гарахаас өмнө хүүхэд гэлтгүй бүх нийтийн дунд тамхидах нь энгийн үзэгдэл байсантай харьцуулбал одоо ч сайхан болж дээ. Цаашдаа хууль ёс зүй, соёл дээшлэхийн хэрээр энэ байдал засрах байх.

Цаашдаа Хүүхэд хамгааллын хуульд хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин тоглоомын талбайн стандарт, тоглох орон зайн боломж, хүүхдийн өмчлөх эрхийн талаар зэрэг асуудлуудыг сайжруулах шаардлагатай.