Бид ихэвчлэн барилгын компанитай худалдах худалдан авах болон захиалгаар орон сууц бариулах гэрээг байгуулж, тухайн барилгыг ашиглалтад орохыг хүлээдэг. Энэ хугацаанд барилгын компани дуусаагүй барилгын гэрчилгээ авч үүнийгээ барилгын үйл ажиллагаа, бараа материалтай холбоотой болон бусад шаардлагаар банканд барьцаанд тавьсан байх тохиолдол элбэг ажиглагддаг. Түүнчлэн барьцаалагч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийн дагуу иргэд банканд байраа алдах тохиолдол их гарч байна.
Энэхүү эрсдэлээс өөрийгөө хамгаалах хуулиар хамгаалагдсан арга нь “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай” хуульд заасан Эрхийн улсын бүртгэлд “урьдчилсан тэмдэглэгээ” хийлгэх явдал юм. Тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэсэн байх тул иргэн та худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө холбогдох эрсдэлээс хамгаалж баталгаажуулах бүртгэлийг үл хөдлөх хөрөнгө байгаа газрын харьяа дүүрэгт байрлах эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт очиж хийлгээрэй.
Бүртгэл хийлгэхдээ “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргана” гэж заасны дагуу иргэн та дээрх баримт бичгээ бүрдүүлэн очиж урьдчилсан тэмдэглэгээг баталгаажуулж өөрийгөө болон гэр бүлээ үүсэж болох аливаа эрсдэлээс хамгаалаарай.
“Хууль зүйн үйлчилгээний төв”-ийн хуульч Б.АЛТАНЗУЛ