УИХ-аас 2021 оны 7 сарын 02-ны өдөр “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг баталж 2022 оны 1 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа билээ. Хөдөлмөрийн харилцаа бол Иргэний хуулийн дараа орох “нийгмийн суурь харилцаа”-г зохицуулагч чухал эрх зүйн баримт бичиг. Энэ шинэчилсэн найруулгын хүрээнд нилээдгүй олон зарчмын шинжтэй болон шинэ зохицуулалтууд орж ирсний нэг нь цалин хөлстэй холбоотой зохицуулалт тэр дундаа нэмэгдэл хөлсний зохицуулалт. “Нэмэгдэл хөлс” гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсэн, эсхүл ажил хослон гүйцэтгэсэн, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн зэрэг тохиолдолд нэмэгдүүлэн олгож байгаа хөлсийг хэлнэ. Нэмэгдэл хөлсөд илүү цагаар, шөнийн цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баярын өдрөөр ажилласны нэмэгдэл хөлс болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа тэдгээртэй адилтгах бусад нэмэгдэл хөлс хамаарна.
Хуучин хөдөлмөрийн хуулинд илүү цагаар болон амралтын өдрөөр ажиллуулсан нэмэгдэл хөлсийг “үндсэн цалин”-гаас 1.5 дахин нэмэгдүүлж тооцдог байсан бол шинээр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу “дундаж цалин”-гаас нэмэгдүүлж тооцох шинэ зохицуулалт орж ирсэн. Энэ нь аж ахуй нэгж байгууллагын цалингийн зардлыг үлэмж нэмэгдүүлэх хэмжээний үр дагаврыг бий болгож байгаа үйл явц юм. Учир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д “Илүү цаг, шөнийн цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтны нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж тусгаснаар нэмэгдэл хөлсийг сүүлийн 3 сарын цалин хөлснөөс тооцдог болсон. Өөрөөр хэлбэл үндсэн цалингаас биш ажилтанд олгогдож байгаа буюу сүүлийн 3 сарын “гарт олгогдож байгаа” цалингаас нэмэгдэл хөлс тооцох нь ажил олгогчид их хэмжээний зардал нэмэгдүүлэх учраас ажилтныг илүү цагаар ажиллуулахыг хязгаарлах, цалинг нь бууруулж нэмж өөр ажилтныг тухайн ажлыг байран дээр авах гэх зэргээр ажилтан, ажил олгогчид хэн алинд нь хүндрэлтэй нөхцөл байдлыг практикт бий болгоод байгаа билээ.
Нөгөө талаар сүүлийн 3 сарын цалин хөлснөөс нэмэгдэл тооцох нь “зогсолтгүй өсөн нэмэгдэх” үйл явц бөгөөд түүнийг хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал боломжгүй байгаа практик нөхцөл байдлыг харгалзан ХНХС-ын 2022.03.17-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д “ .... дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулахгүй байж болно. Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоноор нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулж болно” гэсэн нэмэлтийг оруулж өгсөн. Ингэснээр Та ажилтантай байгуулж байгаа “Хөдөлмөрийн гэрээ”, байгууллагын “Цалин хөлсний журам”-даа дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд юу юуг оруулах вэ гэдгийг харилцан тохиролцож шийдвэрлэх боломжтой болж байна.
"Хууль зүйн үйлчилгээний төв"-ийн хуульч Б.Энхчимэг