Залилах гэмт хэрэг нь хуульд зааснаар бусдыг “...хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” зэрэг шинжийг агуулсан байхыг шаарддаг.
Өөрөөр хэлбэл иргэний эд зүйл хөрөнгө мөнгийг өөртөө авахын тулд ямар нэг гэрээ хэлэлцээрээр халхавчлах, сайн сайхан зүйл амлах, итгэлийг нь олж авахын тулд эхний ээлжид бага багаар амлалтаа батлахын тулд тодорхой үйлдлүүдийг хийх зэрэг маш олон төрлийн аргаар хохирогчоос өөрийнх нь сайн дураар мөнгө эд зүйлийг нь гаргуулан өөртөө шилжүүлж авдаг.
Бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох /1 нэгж нь 1000 төгрөг/, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1. албан тушаалын байдлаа ашиглаж; 2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ…” 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; 3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн; 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчлан өгсөн.
2020 оноос эхлэн дэлхий дахинд гарсан цар тахалтай холбоотойгоор МУ-ын засгийн газраас хөл хорио тогтоон ард иргэдийг гэрийн хорионд шилжүүлсэн үеэс эхлэн залилах гэмт хэрэг түүн дотор цахим залилангийн хэрэг ихээр үйлдэгдэж иргэд ихээр хохирох болсон.
Цахим залилангийн гэмт хэргийн хохирогчид нь бусдын “мөнгөө хурдан бөгөөд ихээр өсгөх” гэсэн өгүүлэмжид итгэх, өөрийн хувийн мэдээлэл, данс, цахим хаягийн нууцлалыг хангах асуудалд хайнга хандах, залилагч этгээдийн дансны болон хувийн мэдээллийг нягтлахгүй орхигдуулах, цахим орчинд хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн хүсэл зоригоосоо болж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байна.
Иргэд өөрийн биеэр банк орж гүйлгээ хийхгүйгээр ихэвчлэн интернет орчинд өөрийн гар утсаар гүйлгээ хийдэг болсон. Мөн гадаадын ямарч орон руу гүйлгээ хийх бүрэн боломжтой болсноос шалтгаалан гадаадын иргэдэд мөнгө, эд хөрөнгөө залилуулах асуудал гардаг.
Монгол Улс нь гадаадын 19 оронтой эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй учир Мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулах, баримт мэдээлэл харилцан солилцох боломжтой байдаг бол бусад улстай дээрх гэрээ байхгүйгээс шалтгаалан тус улсын иргэний үйлдсэн цахим залилангийн гэмт хэрэгт Мөрдөн шалгах ажиллагаа явуулж хохирсон иргэнийхээ хохиролыг барагдуулах боломжгүй байдал үүсдэг юм.
Залилах гэмт хэргийн хохирогчийн хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь тухайн хэрэг үйлдсэн этгээдийн цалингийн болон эд хөрөнгийн 70 хувиар хохирол барагдуулах ажиллагаа хийгддэг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийг хугацаа алдалгүй битүүмжлэн Шүүхийн шийдвэх гүйцэтгэх ажиллагааны биелэлтийг хангуулах шаардлагатай байдаг хэдий ч дээрх ажиллагаа нь цаг хугацаа алдсаны улмаас учир дутагдалтай байгаа нь ажиглагддаг. Иймээс та залилах гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд нэн даруй хугацаа алдалгүй хуульч, өмгөөлөгчийн тусламжтай өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалах, хохирлоо барагдуулах шаардлагатай.
Та бүхэн хувь хүний хариуцлагаа дээшлүүлэн, дансны мэдээлэл, утасны дугаар, майл хаяг, нууц үгээ бусдаас нууцлан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
“Хууль зүйн үйлчилгээний төв”-ийн хуульч Г.Жалбуу