Монголд 12 мянган орчим бичил уурхай эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа байна. Үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг зүй зохистой олборлох журмыг тогтоож, байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах зорилгоор Засгийн газраас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг 2017 онд баталсан.
Бичил уурхай эрхлэгч нь нөхөрлөл, хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд, мөн бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байна. Нөхөрлөл, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүдийн тоо нь 9-өөс цөөнгүй байх бөгөөд өөр нөхөрлөлийн гишүүнээр бүртгэгдээгүй байна.
Бичил уурхай эрхлэгч этгээд нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийг тухайн сум, дүүргийн Засаг даргад гаргана.
Бичил уурхай эрхлэгч нь дараах шаардлагыг хангасан иргэнийг бичил уурхайд ажиллуулна:
1. 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
2. Тухайн аймаг, нийслэлд оршин суугчаар бүртгүүлсэн;
3. Нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн.
Сум, дүүргийн Засаг дарга тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийн дарааллын дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг байгуулна.
Бичил уурхай эрхлэгч этгээд нь бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын талаарх мэдээллийг сум, дүүргийн Засаг даргаас авах, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдөл гаргах, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийн бүртгэлийн дарааллаар сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулах, нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч хуулийн этгээд нь ашигт малтмал олборлохдоо 3500 см3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах, олборлосон ашигт малтмалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу борлуулах эрхийг эдэлнэ.
Харин бичил уурхай эрхлэгч этгээд нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, ажилтнуудын бүртгэл, нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөл үүсгэн байгуулсан гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ашигт малтмал олборлох талбайд байнга хадгалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын хавсралтаар баталсан загварын дагуу батлуулж, нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах хөрөнгө төвлөрүүлж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээнд хавсаргасан байх, uэрээгээр олгосон талбайг бусдад шилжүүлэхгүй, барьцаалахгүй, худалдахгүй, түрээслэхгүй байх үүргийг тус тус хүлээдэг байна.
Сүүлийн үед Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээнд усан буу буюу алт угаах төхөөрөмжөө гэрээнд заасан солбилцолоос өөр газарт байрлуулах, Засаг даргатай байгуулсан гэрээнд усан буу байрлуулах цэг, солбицолоо тодорхойлоогүйгээс болж зөрчлийн болоод эрүүгийн хариуцлага хүлээж байгаа явдал цөөнгүй гарч байна.
Иймд Засаг даргатай байгуулах гэрээнд усан буу, кемп, хогийн цэг байршуулах газрын солбицлоо тусгах шаардлагатай байна.
“Хууль зүйн үйлчилгээний төв”-ийн хуульч М.Өлзийцэцэг