Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлахаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргахаас гадна
А) Гэрлэгчид хэний оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргахаа харилцан тохирч болно.
Б) Нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу, хүндэтгэн үзэх бусад шалтгаан байвал өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.
Нэхэмжлэгч буюу гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж байгаа тал нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах бөгөөд дараах баримтуудыг нэхэмжлэлд хавсаргах, боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах ёстой. Үүнд:
- Гэрлэлтийн болон хүүхдийн төрсний, түүнчлэн үрчлэлтийн гэрчилгээ, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар /хуулбарын үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн/
- 18 нас хүрээгүй хүүхдийг эрүүл энх өсөн бойжиж байгааг, эсхүл өвчтэй бол ямар өвчтэй болох талаарх өрхийн эмчийн тодорхойлолт
- 16-18 насны хүүхэд сургуульд сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт
- Гэрлэгчид эд хөрөнгийн буюу тэжээн тэтгэх гэрээ байгуулсан бол гэрээний нэг хувь
- Эд хөрөнгийн маргаантай бол гэр бүлийн дундын эд хөрөнгө болон хуваарьт өмчийн жагсаалт гэх мэт хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд байна
Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Хэрэв гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцалдаг.
Харин гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалдаг байна.
Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа харилцан тохиролцож болно.
Харин гэрлэгчид энэ талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
Мөн хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.
Гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг шүүх хуралдаанаар шийдвэрлэхэд гэрлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч оролцож байсан ч гэрлэгчид шүүх хуралдаанд өөрсдөө хүрэлцэн ирэх үүрэгтэй байдаг.
“Хууль зүйн үйлчилгээний төв”-ийн хуульч М.Өлзийцэцэг